Эмэгтэйчүүдийн 67 кг-д барилдсан гавьяат тамирчин О.Насанбурмааг “юм дуулгана” гэдэгт спорт сонирхогчид итгэлтэй байсан нь мэдээж. Эхний тойрогт хийлсэн тэрбээр тун сайхан барилдаан гаргаж, эхлээд АНУ-ын бөх Вероника Карлсоныг 5:0, улмаар Украины Алина Стадникийг 3:1-ээр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Түүний өрсөлдөгч нь Японы залуу тамирчин Сара Дошо байлаа. Насанбурмаагийн хувьд их спортод хөл тавиад “илүү оймс элээсэн” тул хур туршлагатай гэдэг нь ойлгомжтой. Гэвч барилдаан эхэлснээс хойш япон бөх манай тамирчнаас оноо салгаж амжсан юм. Насанбурмаа алдсан оноогоо нөхөж авсан ч өрсөлдөгчийнхөө шийдэмгий мэхийг хариулж амжсангүй. Гэсэн ч хоёрдугаар үед түүнд өрсөлдөгчөө дийлэх боломж байсан. Онооны харьцаа 4:3. Гавьяат маань нэг онооны зөрүүтэй. Японы бөх хамгаалан барилдсаар цаг дуусах дөхөх үед илт зугтсан. Шүүгч сануулга өглөө. Насанбурмаа санаачилгыг гартаа авч барилдсан тул торгуулийн оноо ирэх байх гэсэн хүлээлт үүссэн. Гэвч шүүгч Дошог торгосонгүй. Барилдаан энэ маягаар үргэлжилсээр манай бөх мөнгөн медаль дээр буусан юм.
Тэгвэл 51 кг-д Э.Сумъяа эхний даваанд мөн л гоц мөргөсөн бөгөөд Молдавын Елена Турканыг 5:0, ОХУ-ын Екатерина Красноваг 3:1-ээр буулган авч шигшээ барилдаанд Японы Хикари Сугаваратай туналаа. Эхний үед хоёр бөх эн тэнцүү барилдсан ч цаашид Сугавара санаачилгыг гартаа авч, алтан медалийг өөрийн болгосон. Ийнхүү чөлөөт бөхийнхөн нийтдээ нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль Казанийн Универсиадаас хүртлээ.
Одоо самбо бөхийн тэмцээн ид үргэлжилж байна. Өчигдөр тус төрөлд Ж.Чанцалдулам, О.Мөнхцэцэг нар хүрэл медаль хүртсэн. Харин одоо Казанийн дэвжээнд Ц.Нарантогтох, Ч.Марал-Эрдэнэ, Х.Ардахан, Д.Дэлгэрдарь, Н.Нямтуяа нар барилдаж байна.