Блинкс: Уран бүтээлийн гараагаа Монголоос эхэлсэн

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Блинкс: Уран бүтээлийн гараагаа Монголоос эхэлсэн

“Монгол блинг” баримтат кино энэ сарын 6-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Уг кино нь идэвхитэй уран бүтээл хийж байсан репперчдийн амьдралаар Монголын нийгмийн амьдралыг ямар ч “баггүй” илэрхийлсэн бүтээл болсон.

Харин тус уран бүтээл дээр маш сонирхолтой нэгэн сэдэв хөндөгдсөн нь “Хип Хоп” урлаг үнэхээр Монголоос үүссэн зүйл гэдгийг тун ч ойлгомжтой үзүүлэхийг хичээсэн, тус киноны найруулагчаар ажилласан Бенж Бинкстай хэсэг хором саатлаа.

Их энгийн гэхдээ даруухан хүн шиг мөртлөө нилээд сахилгагүй, хөгжилтэй хүн байдаг шүү. Тэр нь ч надад ярилцахад тун амар санагдлаа. Хэдийгээр архитектор мэргэжилтэй ч өөрийн сонирхолдоо хөтлөгдөн найруулагч хийж яваа энэ хүн өөрийн гэсэн өвөрмөц гэгээлэг ертөнцөд амьдардаг бололтой. Тэрбээр реппер Gee-тэй нилээн дотно аятай их найрсаг харилцаж байлаа.

-Та хэдэн настай вэ?

-33 настай

-Ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би архитектор мэргэжилтэй.

-Яагаад найруулагч болох шийдвэр гаргаад уран бүтээл хийхээр болов?

-Ер нь бол урлаг гэдэг бол маш их хөдөлмөр байдаг. Анх сонирхолоороо 5 минутын богино хэмжээний кино хийдэг байлаа. Дараа нь 90 минутын кино хийхээр шийдсэн. Тэгээд кино урлаг надад их сонирхолтой санагдсан.

-Өөрийн уран бүтээлийн гарааг яагаад заавал Монголоос эхлэх болсон бэ? Яагаад заавал Монгол гэж?

-Анх 2004 онд аялалын хөтчөөр Улаанбаатарт ирж байсан. Тэр үед маш сонирхолтой санагдаж байсан бөгөөд Монголын талаар кино хийх бодол төрсөн. Тэгээд бусад орны хүмүүстэй ярьж, кино хийх талаар асуухад хүмүүс их сонирхож байсан. Хип хоп сонирхогч залуучууд их олон харагдсан бөгөөд тэдэнтэй уран бүтээл хийх санаа төрсөн. Гэхдээ анхнаасаа хип хоп урсгалын талаар кино хийе гэсэн санаа байгаагүй.

-Та өөрийн уран бүтээлдээ хэр сэтгэл хангалуун байна?

-Үнэхээр сэтгэл хангалуун, сэтгэгдэл өндөр байна. Гэхдээ мэдээж энэ бол миний анхны бүрэн хэмжээний кино алдаа оноотой зүйл олон байгаа байх. Засч янзлах зүйл ч олон байгаа.

-Хэр хэмжээний зардлаар уг уран бүтээл бүтсэн бэ?

-220 мянган австрали ам.доллар болсон. Эхлээд бол кино бүтээхэд хүмүүс үнэгүй ажиллаж байсан. Харин одоо хөлсийг нь өгч байгаа. Гаргасан зардлаа одоо л нөхөж байна даа.

-Оны сүүлээр DVD борлуулалтад гарах гэж байгаа гэсэн. Монголоос гадна бусад оронд DVD  худалдаанд гарах уу?

-Дэлхийн бараг 20 гаруй орнуудын кино театруудаар “Монгол блинг” кино гарсан. Тиймээс эдгээр улсуудын зах зээлд ч худалдаалагдана гэсэн үг.

-Таны уран бүтээлийг гадаад зах зээлийн үзэгчид яаж хүлээж авсан бэ?

-Анх би Монголд ирээд Монгол дээлтэй хүмүүс, хээр тал, мал сүрэг хүлээж авна гэж бодсон. Харин энд ирээд онгоцноос буухад шал өөр орчин угтсан шүү. Төсөөлж байснаас бүр ангид мэдрэмж төрсөн. Харин энэхүү уран бүтээлдээ тэр үед төрсөн мэдрэмжээ тусгаж өгөхийг хичээсэн. Тэд ч мөн над шиг сайхан хүлээж авсан.

-Энэ киногоороо та юу үзүүлэхийг зорьсон бэ?

-Орчин үеийн Монголын дүр төрхийг харуулахыг зорьсон. Гадаад орчинд шинэ үеийн Монгол залуугийн дүр төрхийг харуулахыг хичээсэн. Өөр орны хүмүүс бас маш их гайхаж хүлээж авч байсан.

-Яагаад эдгээр репперүүдийг сонгов?

-2006 онд хоёр дахь удаагаа Монголд ирээд олон хүнтэй уулзсан. Нэг хүнтэй уулзахаар чи тэрэнтэй уулз энэ хүнтэй уулз гэж их чиглүүлж байсан. Quiza бол тухайн үедээ хамгийн анх Монгол хөгжмийг Хип Хоп урсгалтай хослуулж нилээд идэвхитэй уран бүтээл гаргаж байсан. Jennie бол анхны эмэгтэй реппер байсан учраас сонгосон. Харин Gee бол гэр хорооллын залуу төлөөлөл тэр нь надад их сонирхолтой санагдаж байсан. Эдгээр хүмүүс тус тусдаа өөр өөрийн гэсэн онцлогийг харуулж байсан болохоор тэднийг сонгосон. Мэдээж эдгээр хүмүүс тухайн үедээ идэвхитэй уран бүтээл хийдэг хүмүүс байх нь надад чухал байсан.

-Таныг кинондоо тоглох санал тавихад репперүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Quiza, Jennie хоёр бол нааштай хүлээж авсан. Харин Gee-тэй кино хийх хугацаанд  дотно болсон.

-Цаашдаа Монголд ахин уран бүтээл хийх үү?

-Одоохондоо санаа төдий л байна даа.  

Хэдийгээр “Монгол блинг” баримтат кино нь бүрхэг бүтээл болсон ч цаашдаа дараа дараачийн уран бүтээлчид Монголын шинэ нүүр царайг дүр төрх, хөгжлийг өөрөөр тодорхой харуулах биз ээ. Үнэн үг үнэн бүтээл бодит амьдрал байсныг үгүйсгэхийн аргагүй зүйл юм. Монголд минь ирсэн гадаад хүн бүр хээр тал мал сүрэг, эсвэл уурга унасан жаахан хүүхэдтэй орон гэж төсөөлдөг нь харин жаахан харамсмаар санагдсаныг нуух юм. Гадаадын улс оронд бид өөрсдийгөө улам нээж, Монголыгоо сайн сайхнаар таниулах нь чухал асуудал мэт санагдлаа.

Э.ТЭКҮ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж