Нэг үе монголчуудын “толгойны өвчин” болдог байсан инфляцийн өсөлт нам дарагдаж эхэллээ. Анх инфляци гэж чухам юу байдгийг хүртэл ойлгодоггүй байсан жирийн иргэд адаг сүүлдээ бараг онолын түвшинд ойлгож, түүнээс айдаг болсон. Учир нь хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн бор төгрөг нь ямар ч үнэ цэнэгүй болчихоор айхгүй, ойлгохгүй гээд яах билээ дээ, тэд. Хэвлэлийн хуудас, булан бүрт энэ долоон үсэгтэй үг нүднийх нь өмнө хадагдаж хүн болгоны амны бай болдог байсан цаг энүүхэнд. Тодруулбал, өнгөрсөн оны долоодугаар сард улсын хэмжээнд инфляци жилийн 14.5 хувьтай байв. Харин энэ сарын 7-нд монголчууд наадамлаж ахуйд Үндэсний статистикийн хорооноос хийсэн мэдээллийн үеэр их таатай мэдээ дуулдах нь тэр. Бидний өдөр тутам хэрэглэдэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн дунджаар тодорхойлогддог хэрэглээний үнийн индекс (инфляци) зургаадугаар сард өмнөх сарынхаас улсын хэмжээнд 0.3 хувиар буурсан байна. Энгийнээр бол Доржийн өдөр бүр уудаг цэвэр ус, талхны үнэ нэмэгдээгүй бага ч атугай буурсан гэсэн үг. Тус хорооныхны судалгааны дагуу инфляци буурахад нөлөөлсөн нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 0.7 хувь, тээврийнх 0.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Түлшнийх ч яахав угаасаа дулааны улирал эхэлсэн хойно иргэд нүүрс, түлээ худалдаж аваад байхгүй нь тодорхой. Харин агаарын температур ид халж байгаа энэ үед ундаа, усны үнэ буурсан нь сайн хэрэг. Нэг ёсондоо манай улсад зах зээлийн чөлөөт эдийн засгийн амт амтлагдаад эхэлчихжээ. Мэдээж хэрэг зуны улиралд цэвэр усны худалдан авалт эрс нэмэгддэг. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэгчид ч гэсэн олширно. Уг нь зах зээлийн өрсөлдөөний хуулиараа бол бараа худалдаалагчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ илүү ихийг зарахын тулд үнээ бууруулдаг. Гэтэл Монголд эл хууль эсрэгээрээ үйлчилдэг байлаа. Гэхдээ зах зээлийн энэ эерэг хандлагаас үзэхэд одоо тус хууль, онол арай өөрөөр хэрэгжиж эхлэв бололтой. Нөгөөтэйгүүр иргэдийн эрэлтийг хүнснээс нь илүү өдөөж байдаг орон сууцны үнэ зургаадугаар сард бууралттай гарчээ. Эл бууралтад жилийн (+-1) найман хувийн хүүтэй зээлээс үүдэлтэй эерэг хүлээлт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Засгийн газар, Монголбанкнаас дундаж давхаргын хүчирхэг монгол иргэнийг бүтээх алсын их зорилгынх нь биелэлт дээрх бууралтаас харагдаж байж ч болох. Түүнчлэн иргэд уг зээлийн журам батлахыг хүлээж, нэг хэсэгтээ орон сууц худалдан авахаа зогсоосон. Ямартай ч цаашид байр худалдан авах иргэдийн тоо нэмэгдэхтэй зэрэгцээд орон сууцны нийлүүлэлт их байвал үнэ өснө гэх айдаст нэг их автахгүй, инфляцид ч “айхтар” нөлөөлөхгүй биз. Төв банкнаас шинээр барьж байгаа барилгын гүйцэтгэлийг түргэсгэх үүднээс 385 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эх үүсвэрийг нээж, арилжааны банкууд эзэнд нь хүргээд эхэлчихсэн. Мөн гаднаас оруулж ирж буй барилгын материалын тээвэрлэлтийн саадыг арилгах, инпортын материалыг авахад зориулж 70 тэрбум төгрөгийг банкуудад байршуулсан. Чухам Монголбанкнаас хийж эхэлсэн эл алхам, хувилбаруудад эдийн засагчид өндөр оноо тавьж буй.
Төсвийн орлого 150 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ
Он гарсанаас хойш улсын төсөв “улайчихлаа” хэмээн төрийн түшээд ам муутай байсан цаг саяхан. Тодруулбал, Сангийн сайд Ч.Улаан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Улсын төсөв гуравдугаар сард -13 хувьтай гарсан” гэж байв. Тиймээс төрийн байгууллагуудын онц, хэрэгцээгүй зардлыг хоёрдугаар улирал руу шилжүүлэх арга хэмжээ авч байгаа тухай ярьж байлаа. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр зургаадугаар сарын байдлаар улсын төсөв 150.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Үүнд улсын нэгдсэн төсвийн урсгал орлого 2504.5 тэрбум төгрөг, урсгал зардал 2353.8 тэрбум төгрөг болжээ. Түүнээс гадна татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 90.5 тэрбум төг буюу 37.4 хувиар өссөн гэнэ. Гэвч төсвийн орлогын эл өсөлтөд нөлөөлж байгаа бас зүйл нь торгуулийн орлого 53 тэрбум төг буюу 2.8 дахин нэмэгдсэн байна. Мөн газрын тосны орлого 31.4 тэрбум төг буюу хоёр дахин нэмэгджээ. Нөгөөтэйгүүр мөнгөний нийлүүлэлт өмнөх оныхоос 952.8 тэрбум төг буюу 13.5 хувиар өсчээ. Ямартай ч улсын орлого нь эерэг гарч, мөнгөний нийлүүлэлт өсч байгаа энэ үед инфляци бууралттай буюу 9.7-9.3 хувьд хүрсэн нь нэг талаараа мөнгөний бодлогын менежмент хийгчид сайн ажиллаж байгаа гэлтэй.
Л.БААТАРХҮҮЭх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин