“Их Монгол” тоглолтын ерөнхий найруулагчаар ажилласан Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай уулзан цөөн хором ярилцсан юм.
-“Их Монгол тоглолт”-ын цомог хэвлэлтээс иржээ. Энэ тоглолтыг хийх санааг анх хэн гаргасан вэ?
-Их Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг 2012 оны арваннэгдүгээр сарын 14-нд хэмээн эрдэмтэн судлаачид, мөн төрийн тэргүүнүүд тогтоосон. Тиймээс түүхт өдрийг тэмдэглэн баярын концерт хийхээр шинээр байгуулагдсан ССАЖЯ-нд Засгийн газар төсөв гаргаж өгсөн. Энэ ажлыг Ц.Оюунгэрэл сайд, ГХЯ-ны сайд Л.Болд нар санаачлан зонхилох үүргийг аваад би уг тоглолтын ерөнхий найруулагчаар ажилласан. Би таван хөгжмийн зохиолчийн бичсэн гоцлол хөгжмийн таван морин хуурч тоглон таван уртын дууч дуулах, таван бүжиг дэглээчийн бүжиг бүжиглүүлэн таван удирдаач удирдан тав тавалсан араншингаар таван мэдрэхүйгээр төсөөлж хамгийн гол нь тэр тайзан дээр байгаа таван өөр хүмүүс ур чадвар авьяасаа нээж өрсөлдөх тийм хэмжээнд тоглолт хийе гэсэн төсөл хийх гэж байсан. Гэтэл Чингис хааны мэндэлсний ойн цэнгүүнийг хийгээч ээ гэсэн санал ирсэн учраас энэ оновчтой юм гээд уг тоглолтыг найруулсан. Тэгээд энэ тоглолтдоо язгуур урлагийн долоон хамтлаг, Чингис хааны магтаалыг оруулаад Чингис хааны тухай буюу түүний амьдралаар манайхаас гадна Америк, Орос, Герман, Япон гээд олон орон кино бүтээл хийх гэж зүтгэсэн юм байна. Тэр кино бүтээлүүдийн попуриг оруулаад бүтээл хийсэн нь амжилттай болсон. Ялангуяа шинэчлэлийн Засгийн газар түүнд багтаж байгаа сайд нар үнэхээр хичээл зүтгэл гаргаж ажилласан. Энэ бол олон хүн сэтгэл зүрхээрээ орж хийсэн бүтээл. Би үүнийг тун дорвитой бүтээл болгон гэж үнэлж байгаа. Гадаадынханд монголын таниулах Монгол араншинг харагдуулах, Чингис хаан хэн байсан бэ гэдгийг нийтэд үзүүлэх тийм л бүтээл болсон.
-“bluray DVD” хэдэн хувь хэвлэгдсэн бол?
-1000 “bluray DVD” хийгдсэн. Гэхдээ нийтэд зарахгүй. 900 ширхэгийг нь ССАЖЯ-ны сайдад хүлээлгэн өглөө. 100 ширхэгийг нь би энд тэнд тоглолтоор явахдаа сурталчилгаа болгон тараана.
-“bluray DVD” төсөв хэдэн төгрөг болов, хаанаас гаргасан бэ?
-1000 “bluray DVD” хийх зардал нь 21 сая төгрөг болсон. Нэгэнтээ хийлгэж байгаа юм чинь гээд дэлхийн хэмжээнд үнэлэгддэг өндөр технологоор хийлгэе гэж шийдсэн. Энэ төсөв тайзан дээр болох бүх бүтээлийн төсөвт орсон байсан. “Их Монгол” тоглолтыг 450 сая төгрөгөөр хийсэн шүү дээ. Түүнээсээ гаргаж хийсэн учраас эргээд Соёлын яамандаа үүнийгээ эргүүлэн барьж байгаа юм. Хөгжмийн зохиолч Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, төрийн шагналт Б.Шарав, Төрийн шагналт Б.Мөнхболд, төрийн шагналт Ц.Нацагдорж, Төрийн шагналт З.Хангал гэсэн таван хөгжмийн зохиолчийн морин хуурт зориулан бичсэн таван гоцлолыг Д.Шинэцог-Гени, Ч.Батсайхан, Н.Жигжиддорж, Ө.Чулуунбааатар, М.Бүргэдбаатар нар тоглосон. Хөгжмийн зохиолч бүрт таван сая төгрөгийг зөвхөн морин хуурын гоцлол зохиосонд нь зориулан өгсөн. З.Хангал, Ц.Нацагдорж хоёрынхоо эхнэрт нь энэ мөнгийг өгсөн. Энэ соёлын яам байгуулагдсанаараа авьяастай уран бүтээлч хүний авьяас үнэ цэнийг нь үнэлж эхэлж байгаа юм. Үүнээс ч илүү үнэлэх ёстой гэж бид үзэж байгаа. Үүнийг яам дэмжиж хандсанд би их баяртай байна. Морин хуур, удирдаач, бүжиг дэглээч, бүжигчид бүгд өөрсдийнхөө авьяас чадварыг үнэлүүлсэн. Нэг бүжигчин гэхэд л энэ тоглолтод ороод 150 мянган төгрөг авах жишээтэй.
-Энэ тоглолтод нийт хэчнээн хүн гар бие оролцсон вэ?
-Зөвхөн тайзан дээр 1200 орчим уран бүтээлчид нэгдсэн.
-Та энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын цэнгүүний ерөнхий найруулагчаар ажилласан. Үүнийгээ DVD болгох уу?
-Болгоно. DVD болгох болгохдоо яваандаа ахицтай гээд bluray DVD хийх санаатай байгаа.