Монгол, Энэтхэгийн уул уурхайн форум эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Монгол, Энэтхэгийн уул уурхайн форум эхэлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Гадаадын хөрөнгө оруулалтын газраас зохион байгуулж буй “Монгол-Энэтхэгийн уул уурхайн форум өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 6, 7-нд зохиогдох байсан уг арга хэмжээ хойшилж, өнөөдөр болон маргааш үргэлжлэхээр болжээ.

Форум Засгийн газрын XI байрны дугуй зааланд болох бөгөөд уг арга хэмжээнд Энэтхэгийн Уул уурхайн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Сантха Шийла Наир урилгаар оролцох аж. Тус форумд хайлуур жонш, коксжих нүүрс импортлох, хар төмөрлөг, алт зэрэг эрдэс баялгийн хайгуул олборлоход хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол бүхий Энэтхэгийн уул уурхайн тэргүүлэх компанийн удирдлагууд оролцох юм.

Энэтхэг болон Монголын уул уурхайн салбарын зарим асуудал ойролцоо байдаг нь энэхүү уулзалтыг ажил хэрэгч болгоход нөлөөлж болох юм. Саяхан Энэтхэгийн Засгийн газар өөрийн оролцоотой уул уурхайн консорциум байгуулж, ашигт малтмалын үйлдвэрлэлийн орлогоос хүн амын эмзэг, ядуу бүлгийн гишүүдэд хувьцаа эзэмшүүлэх замаар тэднийг орлоготой, харин уул уурхайн салбарыг нэр хүндтэй болгох зорилт тавьж, энэ талаар тодорхой хуулийн төсөл боловсруулж байгаа юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж