Сануулахад, өнгөрсөн жил Монголын хөрөнгийн биржид шинэчлэл хийх, олон улсын арилжааны системийн стандартыг ашиглахын тулд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд одоогоос жилийн өмнө Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааны системийг нэвтрүүлсэн бөгөөд шинэ системээр үйл ажиллагаа явуулах биржийн арилжаанд анхлан нэвтэрч, хувьцаагаа гаргах нь зарим компаниудын хувьд бэрхшээлтэй болсон гэж зарим компаниудын удирдлагууд болон брокерийн компаниудын удирдлагууд хэлдэг билээ. Харин арилжааны үйл явцын талаар МХБ-ийн удирдлагууд хөрөнгийн зах зээл гэнэт бус, яваандаа сайжрах буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхлэхэд арилжааны цар хүрээ нэмэгдэнэ гэж тайлбарлаж байгаа юм.
Үнэт цаасны арилжаа 79.8 хувиар буурчээ
Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний зургаан сарын байдлаар 12.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийж, 22 сая ширхэг хувьцаа арилжсан тухай Үндэсний статистикийн хороноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс үнэт цаасны гүйлгээ 48.6 тэрбум төгрөг буюу 79.8 хувь, арилжсан үнэт цаасны тоо 86.2 сая ширхэг буюу 79.7 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Ийнхүү жилийн өмнөхтэй харьцуулахад үнэт цаасны арилжаа 79 гаруй хувиар буурсаныг брокерийн компаниуд МХБ-ид гарсан системийн өөрчлөлтөөс гадна үйл ажиллагааны зохион байгуулалттай холбон тайлбарлаж байна.
У.БОЛОР