Оюутнууд төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Оюутнууд төсөл хэрэгжүүлнэ

“Нутгийн шийдэл” сангаас сар гаруйн өмнө оюутнуудыг орон нутагт болон нийслэлийн гэр хороололд тулгамдаад буй асуудлыг хамтран шийдэх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьсан юм. Энэхүү шалгаруулалтын дүн сая гарч, 10  оюутнаас бүрдсэн таван баг Дорнод, Хөвсгөл аймгийн төв, Архангай аймгийн Өгий нуур, Эрдэнэмандал, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төслөө хэрэгжүүлэхээр болж тэтгэлгээ гардан авлаа. МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, Их Монгол дээд сургуулийн оюутан Т.Батням, Ч.Нямсүрэн, Б.Батмандах, М.Мөнхчимэг, Б.Ууганбаяр, Н.Рэгдэнгарав, Г.Идэрбат, Г.Алзахгүй, Э.Батбаатар, Б.Жагдагсүрэн нар тэтгэлэг авч орон нутгийн иргэд, оюутан залуусын оролцоотойгоор төслөө хэрэгжүүлэхээр боллоо.
Оюутнууд боловсрол, залуусын бизнес сэтгэлгээ, эрүүл амьдралын хэв маяг, байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулахын зэрэгцээ орчны эрүүл мэндийн талаарх мэдээллүүдийг түгээж, хөгжлийн шинэ алхам хийхийг зорьж байна. Орон нутагт төсөл хэрэгжсэний дараа оюутнуудын баг тус бүр олон нийт, хэвлэл мэдээллийнхний өмнө илтгэл тавьж, төслийн тайлангаа хамгаалах ажээ. Тэдэнд тус бүр 1000 ам.доллар хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлгийг “Нутгийн шийдэл” сан энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр гардуулан өгөх аж. Уг тэтгэлгийг “Олон улсын андуудын Монголын тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлэх юм байна.
                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж