Өнөөдөр дэлхийн итгэмжлэлийн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийн итгэмжлэлийн өдөр

Жил бүрийн зургадугаар сарын 9–нийг дэлхийн итгэмжлэлийн өдөр болгон тэмдэглэдэг юм. Олон улсын итгэмжлэлийн Форум (IAF) болон Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас хамтран санаачилж, итгэмжлэлийн үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах зорилгоор 2010 оны Дэлхийн Итгэмжлэлийн Өдрийг “Итгэмжлэлийн үйл ажиллагааг дэлхий нийтийн үйл хэрэг болгох нь” уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Дэлхийн 60 гаруй оронд жил бүрийн энэ өдөр итгэмжлэлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байна.
Энэ оны онцлох үйл явдал бол Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA) байгуулсны 10 жил, Олон улсын итгэмжлэлийн Форум (IAF)-ын Олон талт хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг (MLA) байгуулсны 12 жилийн ой тус, тус тохиож байна. Итгэмжлэлийн байгууллагуудын хоорондын олон улсын хамтын ажиллагааны сүлжээг бий болгон хөгжүүлэхэд импортлож байгаа бараа бүтээгдэхүүнийг тухайн оронд нь дахин сорилт, үнэлгээнд хамруулах шаардлагагүй болох давуу талтай. Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн ач холбогдол нь итгэмжлэгдсэн байгууллагын үр дүнг хэлэлцээрт гарын үсэг зурсан итгэмжлэлийн байгууллагууд өөрийн үр дүнгийн адил хүчин төгөлдөрт тооцож байгаад оршино. Энэ утгаараа итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагаа нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болж байна.
Олон улсын нийтлэг стандартуудыг мөрдөн, итгэмжлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь өрсөлдөөнт зах зээл болон хил дамнасан худалдааг дэмжихэд чухал үүрэгтэй юм. Стандартчилал Хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн албанд олон улсын Нэгдсэн Үндэсний Аж үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага /UNIDO/ байгууллагаас Монголын Үндэсний итгэмжлэлийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд олон улсын суурь стандартын болон холбогдох баримт бичгүүдийг Монголын суурь хөрсөнд тохируулах, үндсэний сорилт, хэмжилзүйн лабораториудын нэгдсэн тогтолцоог бий болгох, лабораториудын ур чадвар техникийн чадавхийг дээшлүүлэх, менежментийн удирдлагын тогтолцоог нэмэгдүүлэх, олон улсын ур чадварын сорилтод үндэсний итгэмжлэгдсэн лабораториудыг хамруулах зэрэг олон чиглэлээр 400 мянган долларын төсөл хэрэгжиж байгаа юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж