Хар цагааныг сүлсэн “Алтан ураг”

Хуучирсан мэдээ: 2013.07.14-нд нийтлэгдсэн

Хар цагааныг сүлсэн “Алтан ураг”

Товлосон цагаасаа жаахан хоцорсон тоглолтын салхийг бөмбөр цохин эхлүүллээ. Цохивор хөгжмийн чуулгын уран бүтээлч гурван залуу өөр өөрсдийн гоцлолыг өнөөх бөмбөрөөр үзүүлж өглөө дөө. Нүүргэлтэх чангаас зөөлрөн цангинан эргэж өтгөрөн эрч хүч хэмнэлийг мэдрүүлэв. Тэдний нүргээнтэй зэрэгцэн бөмбөрийн ард суух бүсгүй цохиураараа барин хурдтайгаар эрчлэн орж ирэв. Та эмэгтэй бөмбөрчинтэй хамтлаг гэхээр төвөггүйхэн “Алтан ураг” хэмээн таасан бол уу. Үнэхээр энэ үдшийн эзэд “Алтан ураг” хамтлаг. Тэд наадамчиддаа зориулсан “Best of Altan urag” тоглолтоо ийнхүү эхлүүлсэн юм. Тэдний тоглолт тэр чигээрээ эрч хүч, хурд омогшлоор хувьсан өөрчлөгдөж ардын урлаг, рок, поп, металл роктой хар цагаанаар сүлэлдсэн гайхамшигт “ертөнц”-өө дэлгэсэн тоглолт болсон юм. 

Тэд 2004 онд байгуулагдсан цагаасаа л үндэсний хөгжмийн урсгалд олон шинэчлэлийг хийн  ардын урлаг  гэхээр л морин хуур, хөөмэй, уртын дуугаар төсөөлдөг байсныг эвдэн монгол бахархал болсон үндэсний хөгжмийг орчин үеийн дуугаралттай хослуулан рок урсгалаар тоглон өөрсдийгөө монголын болон дэлхийн үзэгчдэд таниулж чадсан юм. Тэд бидний мэдэх хэдий ч уйтгартай нэгэн хэвийн тэр л салбарт олон өөрчлөлт хийн өөрсдийн хүчээр зоригтой урагш алхан этник, фольк рок урсгалаар тоглон үзэгчдийг гайхруулан басхүү бишрүүлсэн.

Гэхдээ тэд эхнээсээ л бүхнийг дардан замаар хийн магтаал дагуулаагүй. “Алтан ураг” хамтлагийг  анх уран бүтээлээ хийн гарч ирж байхад “Хэзээ ардын урлаг ийм байсан юм бэ”, “Морин хуурын толгойг мангасан толгой болгочихож”, “Тайзан дээр жорлон орохдоо өмсдөг гуталтай, жинстэй гарч ирлээ”, “Үндэсний хувцсыг хараар урлан юудэн хийжээ”  хэмээн шүүмжилдэг байсан төдийгүй Нийслэлийн ойн тоглолтод оруулна хэмээн баахан бэлтгэл хийлгэж хийлгэж яг тайзан дээр гарахынх нь өмнө социализмын үед байгаа юм шиг л зохион байгуулагч нэг нөхөр хүрч ирэн дарга нарт ийм зүйл үзүүлж болохгүй хэмээн хөтөлбөрөөс хасан хөөж байсан ч удаатай гэдэг. Гэхдээ тэд шантарсангүй. Монголын үндэсний хөгжим цаг үетэйгээ хөл нийлүүлэн юу хийж болдог гэдгийг монголын төдийгүй дэлхийд таниулахаар зүтгэсэн. Тэр зорилгодоо ч хүрсэн гэдгийг өчигдрийн тоглолт мэдрүүллээ. Өнөөдөр тэд үндэсний урлаг гэхээр зугтах нь шахуу болдог байсан залуусыг энэ л ертөнц рүү чих тавин сонсож, уран бүтээлээр нь амьсгалан хүлээдэг болгосон. Мөн зөвхөн гадаадуудад зориулсан арилжааны тоглолт хийдэг бус  мэргэжлийн, урлагийн бүтээл туурвидаг олон арван хамтлаг тэдний араас төрөөсэй гэсэн хүсэл мөрөөдөл нь ч биелсэн.

Тэр нэг цагаас хойш “Алтан Ураг” үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн улс оронд таниулах зорилготойгоор байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл "Унага төрөв", "Алтан Урагт үйлдвэрлэв" фолк рок цомог, контемпорари урсгалаар "Ховс" , фолк рок урсгалаар "Цус", ардын дууны урсгалаар "Үндэстэн", этник "Монголд нэгэн цагт" болон "Монгол" киноны аязуудаас бүрдсэн гээд долоон цомгийг өлгийдөн авчээ. 

Тэднийг шилдэг бүхнээ сорлон хүргэсэн энэ л тоглолт дээр нь урлагт үнэнчээр зүтгэн үндэсний хөгжмийн урсгалд хийсэн бүтээснийг нь өндрөөр үнэлэн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр мялаасан юм. Эрчлэгдэн хөглөгдөж, уярсан “Алтан ураг”-ын шилдэг бүхнийг сорлон хүртсэн наадмын үдэш сайхан байлаа.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж