Аварга Г.Өсөхбаяр улсын наадамд дахин зодоглох уу?

Хуучирсан мэдээ: 2013.07.14-нд нийтлэгдсэн

Аварга Г.Өсөхбаяр улсын наадамд дахин зодоглох уу?

Энэ жилийн баяр наадмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын аварга цол хүртэж, наадамчин олноо баярлуулсан. Тэгвэл бөх сонирхогчдын анхаарлыг гойд татаж буй нэгэн зүйл бол даян аварга Г.Өсөхбаяр дахин наадмаар барилдах эсэх нь юм.

Г.Өсөхбаяр аварга олимпийн аварга Н.Түвшинбаярыг зургаагийн даваанд амлаж, өвдөг шороогүй тахимаа өгсөн билээ. Уг нь аваргыг энэ жилийн баяр наадмаар түрүүлэхийн тулд зүтгэнэ, дархан аварга цолоо гуядаж авна хэмээн олон нийт хүлээж суусан.

Гэвч даян аварга наадамчин олныг гайхшруулсан үйлдэл хийж, өвдөг шороодоогүй хэрнээ элэг бүсээ тайлаад өгчихсөн. Энэ үйлдэл нь Г.Өсөхбаярыг дахиад наадмаар зодоглохгүй ч байж магадгүй гэсэн яриа гарахад хүргээд байна.

Зургаан залуу заан гэх монгол бөхийн гайхамшигт нэгэн үеийнхнээс одоогоор даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат нар л наадамдаа зодоглож буй билээ. Аваргын хувьд заалны барилдаанд гарахаа ч больсон. Харин арслан хааяа нэг гарч байгаа.

Харин зургаан залуу заанаас А.Сүхбат, Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нар өөр өөрсдийн шалтгаанаар зүлэг ногоон дэвжээнээ зодоглохоо болиод хэдэн жилийн нүүр үзэж байна.

Тэд бөхийн дэвжээнээ гарч, ядаж тав давж “найраа” хийх хэмжээнд барилдвал барилдахаар л байгаа. Гэвч дор унахыг,дийлэхээр бөхдөө дийлдэхийг хүсээгүй тул ид сайхан барилдах боломжтой үедээ наадмынхаа дэвжээг орхисон. Энэ нь нэг талдаа тэднийг залгамжилж гарч ирж буй хүчитнүүдэд боломж олгож,  үнэн шударга барилдахын үлгэр жишээ болсон.

Харин Г.Өсөхбаяр аваргын хувьд арал чац сайтай, урьдын адил дээгүүр даваанд хүрэх боломжтой байгаа. Гэвч өвдөг шороогүй тахимаа өгчихсөн аварга дахин зүүний магнайдаа босох эсэхээ өөрөөл шийдэх биз ээ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж