Паркыг бүрхсэн “цагаан” давалгаа

Хуучирсан мэдээ: 2013.07.14-нд нийтлэгдсэн

Паркыг бүрхсэн “цагаан” давалгаа

Их хотын залуусын тэсэн ядан хүлээдэг “Silence White 2013” шоу наадмын үдэш Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж залуус ёстой л цагаан давалгааг үүсгэв. Жилдээ ганц болдог энэ л арга хэмжээг зоригсод хүрээгээ тэлсээр байгаа учраас ерөнхий зохион байгуулагч “MMP”-гээс уг шоугаа уламжлал болгон зохиодог байсан “Мишээл экспо”-гоос ийш нь нүүлгэжээ. Өмнөх жилүүдэд 3000 гаран хүний багтаамжтай “Мишээл экспо”-гоос халин цагаан гоёлтнууд хотын шөнийн клубуудыг цагаанаар буддаг байсан бол энэ удаад паркыг бүрхсэн “цагаан” давалгааг үүсгэсэн юм. Наадмын өдрүүдэд залууст очих газар тун ховор байсан бол энэ жилийн наадам шоу, тоглолтоор дүүрэн байлаа. Цагаа олсон “цагаан” үдэшт залуус эртлэн ирж алжаалаа тайлан шөнөжин бүжиглэн, зугаацаж байв. 

Эрх чөлөөний тунхаглал, энхтайваны бэлэгдэл, эв нэгдлийн илэрхийлэл болсон цасан цагаан үдэш мянга мянган гэрлийн гялбаанд, найман мянган гаруй  залууг доргиосон энэ үдшийн гол эзэд болсон MMP-ын эрхэмсэг "DJ" нар. Тэд  их хотын залуусын чуулсан “Silence white 2013” шоуг өөр өөрсдийн хэмнэлээр доргиоход цаг хугацааг харвасан сум шиг л  нисэн одсон. Энд саатсан залууст нэгэн гайхалтай бэлгийг задалсан нь “холограмм” лазер гэрлийн шоу байлаа. Паркын хиймэл нууран дээр гэрлээр амилсан цагаан дээлтэй бүжигчид бүжин усны мандал дээр өнгө алагласан дүрс тодрон бүдгэрч усан оргилуур цацран ёстой л гэрлээр бүтсэн гайхамшигт шоуг зуны задгай талбайд дэлгэсэн юм. Мөн “Алтай” кашмер “цагаан” загварын шоуг дэлгэн шинэ коллекцио дэлгэсэн гээд олон гэнтийн бэлгүүдээр дүүрэн байлаа.

Жилдээ ганц болдог цагаан шоунд цагаан хувцсаар гоёсон залуус гэрэл цацруулан бүжнэ. Тэдний дунд олны танил загвар өмсөгч, рок, попын дуучид цөөнгүй байлаа. Мөн бусдаасаа онцгойрсон цасан цагаан гоёлтнууд ч олон байв. Найм дахь жилдээ болсон “Silence White” шоуг жинхэнэ утгаар нь задгай талбайд зад тэмдэглэн өнгөрүүллээ. Дараа жилийн “Silence White” даанч хол байна даа, хол байна.

Г.ДАША

Зургийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж