
Олон улсын анхаарлын төвд Монголын чөлөөт бүс хэдийнэ оржээ. Тухайлбал, ОХУ-ын “Экономика и финансы” сэтгүүлд “…монголчууд хойд хил дээрээ худалдааны чөлөөт бүс байгуулж байна. Хэрэв энэхүү чөлөөт бүс байгуулагдвал Хятадаас 15 мярд ам. долларын бараа зөөдөг манай ганзагын наймаачдын хувьд зах зээл 1200 километрээр ойртохын зэрэгцээ тэдний хувьд улам аюулгүй болох юм” гэж бичжээ. Мөн Монголын чөлөөт бүсийг Сингапур, Солонгос, Америк, Канадын бизнесмэнүүд сонирхдог. БНХАУ-аас Теньжиний боомтоороо “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг сольё гэсэн саналыг хэлж байжээ. Дэлхийн олон орон чөлөөт бүсээр улс орноо хөгжүүлсэн туршлага бий. Албан бус тоогоор 3000 орчим чөлөөт бүс байдгийн хамгийн сонгодог жишээ манай урд хөршийнд бий. Ганцхан мужид нь л гэхэд таван бүс байдаг. Экспортын барааны 67 хувь нь чөлөөт бүсүүд дээрээ үйлдвэрлэгддэг. Мөн чөлөөт бүсийн жишиг улс Арабын нэгдсэн Эмират, Турк, Ирланд.
Хэрвээ чөлөөт бүсийг зөв хөгжүүлж чадахгүй бол эдийн засагт хортой. Иймэрхүү тааруухан жишээг хойд хөршөөс бэлхнээ харж болно. Оросууд үйлдвэрлэлийн онцгой бүс, эдийн засгийн онцгой бүс гэх мэт чөлөөт бүсийг 1990-ээд оноос нээж ажиллуулсан. Гэвч төдийлөн амжилтад хүрээгүйгээр барахгүй аялал жуулчлалын бүс уналтад ороод байгаа сурагтай. Учир нь ОХУ маш хатуу хуультай, чөлөөт бүсэд нь төрийн оролцоо хэт байгаагаас ийм байдалд орсон гэдэг юм билээ. Манайхны хувьд чөлөөт бүс, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг төр бүрдүүлж, зохион байгуулах менежмент хийх эрхийг хувийн хэвшлийнхэнд олгохоор яригдаж байгаа юм.
Чөлөөт бүсийн менежментийг гадаадын бизнесийнхэнд санал болгож, өмнө нь хоёр ч удаа тендер зарлахад 2004 онд “West Paradise”, 2007 онд “Вин Вийль Бульон” гэх гадаадын компани эрхийг авч байсан. Гэвч тэд хөрөнгө оруулалт ч хийсэнгүй, Монголын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэлгүй орхижээ. Эдгээр компанийг үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хүлээснээр лав долоон жилийн хугацааг алдсан байна. Харин одоо гадны гарыг харалгүй өөрсдөө чөлөөт бүсээ ажиллуулъя гэж төр засгийн удирдлагууд шийдэж, даруй ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлжээ.
Гэхдээ нэг асуудал бий. Чөлөөт бүс хэдий хэрийн хугацаатай нь одоогоор тодорхойгүй байгаа. Хугацаа тодорхой байх нь бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд харах шалгуур нь. Олон улсын жишиг 30 орчим жил. Байсгээд л хуулиа өөрчилчихдөг Монгол Улс ялангуяа чөлөөт бүсдээ гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд энэ хугацаагаа тодорхой болгох шаардлагатай. Энэ талаар Чөлөөт бүсийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Х.Ганболдтой холбогдож тодруулахад, “Чөлөөт бүсийн тухай үзэл баримтлал, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр бид ажиллаж байна. Цаг үеийн асуудлаас болоод өөрчлөх, нэмэх зүйл урган гарч ирж байна. Удахгүй Засгийн газраар хэлэлцүүлнэ, УИХ-аар батлагдсаны дараа чөлөөт бүсийн хугацаа тодорхой болно” гэсэн хариу хэллээ.
Нэг чөлөөт бүсийг ашиглалтад оруулахад, 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай ч 15 жилийн дотор зардлаа нөхнө гэсэн тооцоо байна. Харин манай улс өнгөрсөн олон жилийн хугацаанд дөрвөн чөлөөт бүсдээ нийт ердөө таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Хамгийн их буюу 4.3 тэрбумыг өнгөрсөн жил улсын төсвөөс гаргажээ. Үүнийг Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн дэд бүтцийг бий болгоход зарцуулж усан хангамж болон цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх аж. Мөн хөрөнгө оруулагчдад буюу чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй бизнесийнхэнд төрийн үйлчилгээ үзүүлэх гаалийн, мэргэжлийн хяналтын, иргэн харьяатын гэх мэт байгууллагын ажилчдын ажлын байрыг барьж байна.
Манайд жижиг дунд үйлдвэр нэг үеэ бодвол хөгжсөн, хөлжсөн. Арьсан урлал, эсгий эдлэл, сийлбэр гэх мэт үндэсний хэв маяг агуулсан олон жижиг үйлдвэр бий. Мөн экспортод гаргадаг монгол бэлэн хувцасны оёдлын цех нэлээд байдаг. Зөвхөн жижиг дунд үйлдвэр биш хүнс, барааны томоохон үйлдвэрлэгчид чөлөөт бүс ээлээ үзүүлэх ёстой. Татварын хамгийн таатай орчин гэдэг утгаараа. Сайд дарга нарын гадаад дахь томилолтыг дагалдаж, гадны улс оронд баахан зардал гаргаж үзэсгэлэнд оролцох шаардлагагүй. Чөлөөт бүсэд орчиход л бүх юм “ок”. Чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход ямар ч татвар төлөхгүй, баримт бичиг бүрдүүлэх урт жагсаалт, хүнд суртлаас ангижирна. Мөн гадаадын бизнесийнхэнтэй харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах боломж бүрдэнэ.
Тэгвэл Монголын чөлөөт бүсийг зорьсон гадны бизнесмэнүүдэд мөн таатай орчин бүрдэж байгаа юм. Тэд заавал Улаанбаатараас виз хүсэх шаардлагагүй. Чөлөөт бүс рүү орох хил дээр гаалийн ажилчид, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх мэргэжилтэн хялбарчилсан дүрэм, журмын дагуу төрийн бүх үйлчилгээг нэг дороос үзүүлнэ. Түүнчлэн импортын бараанд татвар ноогдохгүй, нефть бүтээгдэхүүн гэх мэт онцгой бараанд тавьдаг онцгой албан татвар ч үйлчлэхгүй.
Бүсийн хашаанаас гаднах хэсгийг гаалийн нутаг дэвсгэр гэнэ. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг бүсээс гаргаж, гаалийн нутаг дэвсгэр рүү оруулж ирэхэд НӨАТ болон гаалийн татвар гэх мэт бүх л татварыг төлнө. Татварын чөлөөтэй нөхцөл зөвхөн бүс дотор ба бүсээс экспортлох, бүсэд импортын бараа материал түүхий эд оруулж ирэхэд үйлчилнэ. Бизнес эрхлэгчдэд ус агаар шиг л хэрэгтэй орчин байгаа биз. Хурдан шиг бизнесийн “диваажин”-гаа байгуулаасай билээ.
Б.БЯМБА