Ариунаа Сүригийн үдэшт саатаарай

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Ариунаа Сүригийн үдэшт саатаарай

Загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн “SS2014 Fashion Week” супер  шоу өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно. Германд дизайнер мэргэжил эзэмшин тэндхийн нэртэй агентлагт ажиллаж байсан тэрээр сүүлийн жилүүдэд эх орондоо өөрийн брэндийг гаргахаар ханцуй шатлан ажиллаж байгаа чадварлаг залуу дизайнер юм. Өнгөрсөн гуравдугаар сард Японы нийслэл Токиод болсон “Mercedes Benz Fashion Week Tokyo” загварын долоо хоногт анх удаа  Монгол улсыг төлөөлж оролцон өөрийн коллекцийг дэлгэсэн гээд түүний загварууд Европ төдийгүй Азид хөл тавьсан юм. Тиймээс түүний тоглолтын найруулагч Италийн “GR event and communications”агентлагийн Ерөнхий захирал Жиалуйжи Реста маргааш манай оронд ирэх гэж байгаа юм. Ариунаа Сүри өөрийн шоундаа зориулан ҮСАХ-ийн усан парк дээр тайз засуулж байгаа. Уг загварын шоунд Австрийн “Drumatical theatre”, Африк-Испани гаралтай дуучин Келли Жойс нар оролцох бол Монголоос НҮБ-ийн элч дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “A sound”, “Алтан ураг”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцох ба ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ “Ертөнц” цомгийн гайхалтай аялгуунуудаас “Дэлхий” хамтлагийнхаа хамт тоглох юм байна. Одоогоор дуучин Д.Болд “A sound”-тай хоршин дуулах талаар ярьж байгаа гэсэн шүү. Мэдээж эдгээр хамтлаг, дуучид Ариунаа Сүригийн урласан хувцасаар гоёх юм.

Ямартаа ч өвөрмөц, шинэлэг зүйлсээр дүүрэн байх уг загварын шоунд залуусыг шөнийн 03.00 цаг хүртэл хөгжөөх үүргийг DJ Б.Одонбат хүлээгээд байгаа. Тэрээр олон шинэ уран бүтээлээр бэлэг барина гэдгээ ч дуулгасан. Тиймээс ҮСАХ-гийн зүгээс энэхүү онцгой үдэшт зориулж, төрөл бүрийн амтат хоол, ундаагаар үйлчлэх бол ивээн тэтгэгч АПУ компанийн зүгээс өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр ирсэн залууст үйлчлэх нь. Арван гуравны үдшийг Ариунаа Сүритэй мартагдахааргүй тэмдэглэх нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж