Долдугаар сарын 1 айсуй…

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1 айсуй…

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийг улстөрчид аажим аажмаар мартуулсаар нэгэнт зорьсондоо хүрэв бололтой, ам нээхээ ч больж. Энэ талаар үнэлэлт, дүгнэлт гаргах ёстой УИХ-ын ажлын хэсгийнхэн ч чимээгүйхэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дүгнэлтээ хүргүүлсэн гээд л таг болчихов. Олон нийтийн анхаарлаас бултуулах гэсэн улстөрчдийн башир үйлдэл гэж л үүнийг хэлэх байх даа. Ингэнэ гэдэг нь ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингийн ахалсан дээрх ажлын хэсгийн үйл ажиллагаа анхнаасаа харуулаад байсан. Тоотой хэдхэн удаа хуралдсан ажлын хэсгийн хуралдаан болгонд хэвлэлийнхний хараанаас далдуур хуралдахыг гишүүд нь даргадаа сануулдаг байсан. Үгүй дээ л, нийтэд нэг цонхоор мэдээлэл өгье ч гэх шиг. Энэ нь үгсэн хуйвалдаж, үгээ нийлүүлээд тэрийгээ хуулбарлаж тараая гэснээс өөрцгүй сонсогдож байсан.  
Хэний төлөөлөл хэнээс хэнийг хамгаалж, юуг нуугаад байна вэ?!
Үймээн хэрхэн болсон талаарх дахин нэг дурсая. Залхтал биесээ муулсан 2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусгавар болсон зургадугаар сарын 29-ний 22,00 цагаас хойш эрх баригч хоёр нам ялалт байгуулсан тойргуудынхаа дүнг намынхаа байрнаас тарааж байлаа. Түүнээс нэг хоногийн дараа буюу 30-ны үдээс хойш УИХ-ын 76 мандатын 38-ыг манай намаас нэр дэвшигч авсан нь тодорхой боллоо гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ё.Огтонбаяр зарлав. Энэ өдөр Ардчилсан нам ч ялалт байгуулсан тойргуудынхаа дүнг зарласан юм. Үүнтэй зэрэгцээд бусад улс төрийн намууд болон эвсэн орсон иргэний хөдөлгөөний удирдагчид бүдэрсэнээ мэдэж, будилаан боллоо гэцгээж "Долдугаар сарын 1-нд жагсаал, цуглаан зохион байгуулах боллоо, 10 цагт "Драгон" төвийн урдаас хөдөлнө" гэхчлэн зарлал тараасан. Сонгуулийн дүнгийн талаар тэдэнтэй адил байр суурьтай байсан Ардчилсан нам ч 11 цагт шилэн байрандаа хурал хийхээ мэдэгдлээ. Харин долдугаар сарын 1-ний 11,00 цагийн орчимд өнөөгийн Ерөнхийлөгч тэр үеийн Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж “Ардчилсан намыг сонгосон иргэдийн саналыг МАХН хулгайллаа. Хамтдаа тэмцэцгээе" хэмээн цагаан хоолойгоор уриалсаар гарч ирсэнийг санаж байна. Түүнээс 20-30 минутын дараа одоо Ардчилсан намд дагаар орсон О.Магнай, Ж.Батзандан, Ногоон намын дарга Д.Энхбат, Ц.Монгол нарын зохион байгуулсан жагсагчид Сүхбаатарын талбайд ирцгээн улмаар МАХН-ын байрны өмнө очицгоосон юм. Хэсэгтээ л бужигнасан. Тэд МАХН-ын дарга асан С.Баярыг гарч ирж байр сууриа илэрхийлэхийг шаардаж байсан ч мань хашир цонхоор өөрсдийг нь харахаас хэтрээгүй. 15,00 цагийн орчимд МАХН-ын төв байрын цонх руу жагсагчид чулуу шидэж эхэлсэн ч гарч ирээгүй. Гэхдээ тэр намынхаа байрыг орхиогүй нь бас сонин. Бүр шатаж байхад нь шүү. 22 цагийн үед түүнийг намынхаа байрыг орхисон гэлцдэг. Түүнээс хойш хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколд өндөр албан тушаалтан “Буудах эрх өгөөдөх” гэж тэмдэглэгдсэнийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа гэрчилдэг. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравхан гишүүнтэй. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд. Тэгэхээр хэн хэлсэн байж болох нь бас л бодох асуудал.
Тиймээс ч долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон иргэдийг нэг янзаар хувилсан ялын дүгнэлтээр яллаж байсан бол Эргүүл хамгаалалтын цагдаа нарыг зохион байгуулалттайгаар нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн байх жишээтэй. Цагдаа нар өөрсдөө тухайн өмгөөлөгчөөс татгалзах хүсэлтэй байсан ч удирдлагуудтай гэрээ байгуулчихсан байсан учраас талаар өнгөрч байсан тухай баримт бий. Тиймээс ч ганц өмгөөлөгчийнхөө хяналтан дор байцаалт өгсөн цагдаа нар дээрээс үүрэг өгөөгүй гэж тас гүрийдэг бол томчууд нь гал нээж болохгүй гэлцэх жишээний. Бүр байлдааны сум тараагаагүй ч гэлцдэг. Эцэстээ шалгагдсан таван цагдаагийн хэнийх нь сум хэнийг хөнөөснийг тогтоох боломжгүй учраас хэрэгсэхгүй болгож байх. Харин чулуу нүүлгэсэн иргэдийн альных нь чулуу ямар хохирол учруулсаныг тогтоолгүйгээр яллалсан.
Харин цагдаагийн удирдлагуудыг Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-ын баталсан хуулиар өршөөсөн. Үүнийг санамсаргүй үйлдэл гэвэл дэндүү гэхэд дэндүү эндүүрэл болно.
Өршөөлийн хуулийн дараахан долдугаар сарын 1-нд амиа алдагсадын ар гэрийнхэнд санал болгосон 50 сая төгрөг ч өөрөө “но”-той. Тэр мөнгийг ямар шалтгаанаар өгч байгааг мэдэх төрийн албан тушаалтан байдаггүй нь бас ч хачирхалтай олон асуултын нэг яах аргагүй мөн.
Ийнхүү хэргийг анхнаас нь УИХ-аасаа эхлээд өндөр албан тушаалтнууд баллуурдаж байсан нь нэг л дүгнэлтийг баталдаг. Тэр дүгнэлт нь тэд өөрсдөө буруутай гэх. Тиймээс ч дүгнэлт гаргах ажлын хэсгийг бүтэн нэг жил 23 хоногийн дараа байгуулсан юм. Эцэстээ өөрсдийгөө хамгаалсан дүгнэлт нь хэрхэн гарахыг хэлж мэдэхгүй юм. Магадгүй иргэд буруутан болохыг ч үгүйсгэхгүй.
Гэмгүй дөрвөн хүн рүү төрийн цагдаа буу шагайсан тэр өдрийг сануулахаар долдугаар сарын нэгэн ойртох мэт. Харин хэрэг эзэнгүйтэж эхэллээ. Эл хэргийг ингээд замхруулсан шигээ дараагийн сонгуулиар гэмгүй иргэдийг цусыг урсгахаас улстөрчид сийхгүй. Цагдаа нар ч иргэд рүү буу шагайхдаа зоригтой байх болно. Тиймээс л аймшигт “долдугаар сарын 1” айсуй.           
Ирэх намар болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурлаар ардчилсан тодотголтой Монгол Улсын хүний эрхийн зөрчлийг хэлэлцэхдээ эл асуудлыг хөндөх нь нэгэнтэй тодорхой болсон. Булавч бултайна гэгчээр тэр цагт дэлхий биднийг хүний эрхийг хөсөр хаясан, харгис хэрцгий арабын орнуудтай зүйрлэх нь гарцаагүй.   
Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж