“Чингис хаан” гран при тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” гран при тэмцээн болно

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг жүдо бөхийн “Чингис хаан” гран
при тэмцээн долоодугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо
зохион байгуулагдах гэж байна. Өмнө нь “Чингис хаан” дэлхийн цом нэртэй
зохион байгуулагддаг байсан энэхүү тэмцээн энэ удаа “Гран при” болон
зэрэглэл, онооны хувьд нэмэгдсэн юм.

Олон улсын жүдо бөхийн холбооны
дүрэм ёсоор “Гран при” тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн
медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмэх учиртай.

Ингээд
“Чингис хаан 2013” жүдо бөхийн “Гран при” тэмцээний талаар Монголын
жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай уулзаж
ярилцсан юм.

-Улсын баяр наадамтай зэрэгцээд жүдо
бөхийн “Чингис хаан” Гран при тэмцээн Улаанбаатар хотноо болох гэж
байна. Тэгвэл энэ удаагийн жүдогийн Гран при тэмцээний талаар
дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ивээл дор явагддаг “Чингис хаан 2013” жүдо бөхийн Гран при тэмцээн маргааш, нөгөөдөр буюу
долоодугаар сарын 13, 14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж
байна. Тэмцээн Буянт-Ухаа дахь спортын ордонд болно. ОХУ, БНСУ, Словен тэргүүтэй 20 орчим орны баг тамирчид тэмцээнд
оролцоно. Манай улсын хувьд
тэмцээнийг зохион байгуулагч гэдэг утгаараа давуу эрхийг эдэлнэ. Жин тус
бүрд дөрвөн тамирчин оролцуулж болдог. Тэгэхээр Монгол Улсаа төлөөлөн,
эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо жинд нийт 56 тамирчин хүч үзнэ гэсэн үг
юм. Манай жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид бүрэн
бүрэлдэхүүнээрээ оролцоно. Шигшээ багийн жүдогийн охидын хувьд Францад
хамтарсан бэлтгэл хийсэн байгаа. Харин эрэгтэй жүдогийн тамирчид бусад
гадаадын тамирчдын хамт “Говь” цогцолборт бэлтгэл сургуулилалтаа базааж
байна. Тэмцээнийг зохион байгуулахад олон улсын жүдо бөхийн холбооноос
бүрэн дэмжиж байна. Удахгүй олон улсын жүдо бөхийн холбооноос сонгогдсон
шүүгчдийн бүрэлдэхүүн ирж ажиллана. Тэмцээнийг шүүхээр олон улсын жүдо
бөхийн холбооны 15 шүүгч Улаанбаатар хотноо удахгүй ирэх гэж байна.

Мөн
энэхүү тэмцээнийг дэлхий нийтэд өргөн хүрээтэй үзүүлэхийн тулд 160
гаруй оронд шууд дамжуулах сайхан боломж олдож байгаа юм. Тэгэхээр жүдо
бөхөөр дамжуулан монгол орноо, монгол наадмаа сурталчлах боломж бас
нээгдэж байгаа юм. Энэ нь манай улсын телевизийн түүхэнд анх удаа
спортын нэвтрүүлгийг HD форматаар олон оронд шууд дамжуулж буй тохиолдол
юм. Ингэхээр манай улсын телевизүүд дараагийн нэгэн том шатанд гарч
байна гэж хэлж болох юм. Энэ мэтээр олон боломжийг бүрдүүлж өгч буй
болохоор олон улсын жүдо бөхийн холбоо бидэнд өндөр шаардлага өгсөн
байгаа.

-Тэмцээнийг зохион байгуулахад төрийн зүгээс хэрхэн дэмжиж байгаа вэ? 

-Монгол
Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэхүү
тэмцээнийг зохион байгуулахад томоохон ач холбогдол, дэмжлэг үзүүлж
байгаа. Тэмцээний зохион байгуулах хорооны даргаар МҮОХ-ны тэргүүн дэд
ерөнхийлөгч Д.Дорлигжав ажиллаж байна. Мөн тэмцээнийг зохион байгуулахад
Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй спортод ээлтэй,
зүтгэлтнүүд ажиллаж байна.

Уг тэмцээн нилээд өндөр өртөгтэй
зохион байгуулагдана. Нийтдээ 900 гаруй сая төгрөгийн өртөгтэй тэмцээн
байгаа. Саяхан Монгол Улсын Засгийн газар тогтоол гарган, 220 сая
төгрөгийг баталж өгсөн. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
Х.Баттулгын хувиасаа хөрөнгө мөнгөний зарим асуудлыг шийдэж байна. Мөн
жүдо бөхийн холбооны удирдлагууд, хамтран ажиллаж, ивээн тэтгэдэг
байгууллагууд энэхүү тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж
байна. Мөн эдгээр байгууллагаас гадна бидэнд дэмжлэг туслалцаа маш их
хэрэгтэй байгаа. Үүнийг шийдвэрлэхээр билет борлуулах зэргээр ажиллаж
байна.

-Тэмцээн наадмын дараа үргэлжлээд болох гэж байна.
Магадгүй гадаадын жуулчид тэмцээнийг олноор үзэх байх. Харин манайхан
баяр наадмын дараа хотоос гарч амрах сонирхолтой байдаг шүү дээ. Үүнийг
хэрхэн тооцоолсон бэ?

-Тиймээ. Манай улсад ирж буй жуулчид
наадмын дараа жүдо бөхийн гран при тэмцээнийг үзэж, тамирчдаа дэмжих
зорилготой ирсэн нь гарцаагүй. ОХУ, БНСУ, Хятад тэргүүтэй улсын жуулчид
наадам болон гран при тэмцээнийг үзэж, тамирчдаа дэмжихээр ирсэн гэдгээ
илэрхийлж байсан. Тэгэхээр тэмцээнийг бид зохион байгуулалттай,
сонирхолтой явуулах ёстой. Саяхан тэмцээнийг зохион байгуулагчид
хуралдаад жүдогийн Гран приг сонирхолтой болгох олон санаачлагыг
дэвшүүлсэн. Өдөр нь Буянт-Ухаа спорт цогцолборын гадна томоохон концерт,
шоу зохион байгуулах юм. Мөн Буянт-Ухаа спорт цогцолборын эргэн тойронд
худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг бас нээж өгч байгаа юм.  

-Тэмцээний тасалбарын хувьд ямар үнэтэй байна? Хаагуур борлуулж байгаа талаар уншигчдад мэдээлэл өгөөч?

-Тэмцээний
тасалбарыг тэмцээний үдээс өмнөх ба хойших гэж хоёр ангилан хийсэн. Тэмцээний хэсгийн барилдаанууд долоодугаар сарын 13-нд өглөөний
09:00 цагаас эхэлнэ. Харин шигшээ барилдаанууд 17:00 цагаас эхлэх юм. Тэмцээн наадмын дараа болж буй гэдэг утгаараа,
гадаадын олон жуулчид тамирчдаа дэмжихээр манай улсад ирсэн болохоор
спорт сонирхогчдоо том спорт цогцолборт зохион байгуулахаар болсон.

-Шигшээ багийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох уу? Бэртэл гэмтэл тамирчин байгаа бил үү?

-Олимпийн
эрхийн өндөр оноо олгож буй гэдэг утгаараа манай шигшээ багийн
бүрэлдэхүүний өндөр чансаатай бүхий л тамирчин оролцоно. Манай улсын
олимп, дэлхийн аваргын медальтнууд бүгд барилдана. Тиймээс маргааш, нөгөөдөр буюу долоодугаар сарын 13, 14-нд жүдочдоо дэмжээрэй гэж
хэлмээр байна.

Б.ОЙНБИЛЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж