Төрийн өмчийн компаниуд зээлээ төлдөг болъё оо?

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн компаниуд зээлээ төлдөг болъё оо?

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жилүүдэд гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагаас нэг их наяд 335.8 тэрбум төгрөгийн зээл авч, түүнийхээ нэг их наяд, 104.9 тэрбум төгрөгийг төрийн өмчит компаниудад дамжуулан зээлдүүлсэн ч нөгөөдүүл нь цаг хугацаандаа зээлээ төлөөгүй байх юм. Үндэсний аудитын газраас гаргасан Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар бол зөвхөн энэ онд 209 тэрбум 521 сая төгрөгийн зээл цаг хугацаандаа төлөгдөөгүй тул 12.5 тэрбум төгрөгийн алданги тооцохоор болжээ. Харин хамтарсан Засгийн газар тэдэнд алданги тооцох эсэх нь эргэлзээтэй. Үе үеийн Засгийн газрууд төрийн өмчит компаниудынхаа алдангийг тооцож байсан удаагүй, удирдлагынх нь толгойг нь илж ахин дахин зээл өгсөөр дамжуулан зээлдүүлэлтийн алдангийн хэмжээ хуримтлагдсаар эдүгээ 222 тэрбум төгрөгт хүрчээ.   Гэхдээ энэхүү алдангийн тодорхой хэсэг хувийн хэвшлийнхэнд бас хамаарах аж. Тодруулбал, дээр дурдсан нэг их наяд 335.8 тэрбум төгрөгийн зээлээс Засгийн газар 230.7 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийнхэнд дамжуулан зээлдүүлсэн байх юм.

Ямар  ч гэсэн цаг хугацаандаа зээлээ төлөөгүй, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн тухай дурдвал энэ жагсаалтын тэргүүнд Монгол, Оросын хамтын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дурайж байна. Тус нийгэмлэгт зургаан тэрбум 268 сая төгрөгийн зээлийг гурван удаагийн давтамжтайгаар дамжуулан зээлдүүлсэн байна. Тэгвэл Мэдээлэл холбооны сүлжээ компани 52 тэрбум, 537,4 сая төгрөг, Даланзадгадын дулааны цахилгаан станц 36 тэрбум 947 сая төгрөг, Авто замын газар 31 тэрбум 816,2 сая төгрөг, Багануур ХК 18 тэрбум, 834,1 сая, Шивээ-Овоо ХК 13 тэрбум 244,8 сая,  Дулааны цахилгаан станц-III дөрвөн тэрбум 604.3 сая, Дулааны-IV цахилгаан станц найман тэрбум 562.8 сая төгрөгийн зээл авсан байна. Мөн Дарханы дулааны цахилгаан станц нэг тэрбум 73.4 сая төгрөг, Дорнод бүсийн эрчим хүчний систем компани нь хоёр тэрбум 894.4 сая  төгрөг, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр 21 тэрбум 798.9 сая төгрөгийн зээлийг тус бүр авчээ. Авсан зээлээ цаг хугацаандаа төлөхгүй байгаа шалтгааныг нүүрсний уурхайнууд “Нүүрсний үнийг чөлөөлж өгөхгүй, төр ямагт барьж, хорлож байна” хэмээн тайлбарлаж буй юм. Жишээлбэл, Багануурын нүүрсний уурхай нэг тонн нүүрсийг 19 мянган төгрөг зарж, боловсруулдаг ч түүнийгээ Дулааны цахилгаан станцад 16000 төгрөгөөр тооцож,  алдагдалтайгаар нийлүүлдэг гэнэ. Дулааны цахилгаан станцуудын хувьд ч мөн л үнэ чөлөөлж өгөөгүй гэх гаргалгаа хийж байна.  Засгийн газарт хандан удаа дараа  “Үнэ чөлөөлөөд өг” гэх хүсэлтийг тавьсаар ирсэн ч “Цахилгааны үнийг чөлөөлж чадахгүй, харин зээл тусламжийг бол олж өгнө. Түүгээр станцынхаа тоног төхөөрөмжийг шинэчлээд ав” гэж, зээл олгосоор өнөөдрийн их өрөнд унагасан бололтой юм.  Нөгөөтэйгүүр, энэ төрлийн зээл станцуудын удирдлагуудад ашиг ихээр өгдөг гэх хардлага ч байна. Учрыг тайлбарлавал, тэд  үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэх нэрийн дор гадаадаас сэлбэг хэрэгсэл ихээр оруулж ирж, түүнийгээ үйлдвэртээ шахдаг аж. Зарим төрлийн эрэг, шураг, жижиг эд ангийг 40, 50 жилийн нөөцтэйгээр оруулж ирж шахдаг гэж байгаа. Тэдгээрийн  үнийг өндөр тавих тусам хэтэвчинд нь орох мөнгөний хэмжээ ихсэж, шахааных нь бизнесийг цэцэглүүлнэ. Төр ямар зээлийг хэрхэн ашигласанд олигтой хяналт тавьж, шахаж, шалгаах биш. Сайн, мууг нь ч нягтлахгүй хойно. Тайландаа авсан зээлийнхээ хэмжээнд тааруулаад үнийг нь яс тас тулгаад биччихэд л гүйцээ.  Тэгээд ч энэ төрлийн зээлийн зарим тайлан хөтлөлт будилаад данс тооцоогоо ч нийлүүлж нягталж чадахаа байчихсаныг хэлэх үү, хожмоо цайрах магадлал өндөр аж. Одоогоор 40 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 5.7 тэрбум төгрийн зээл будилаантсан гэх ангилалд багтжээ. Үүний улмаас Үндэсний аудитын ерөнхий газар нь 105 аж ахуйн нэгж байгууллагын 14 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг тооцоо нийлүүлж, баталгаажуулж чадаагүй байх юм. Баримт, сэлт нь устчихсан учраас тэр л дээ. Санаатайгаар зээлийн баримтыг будилуулж, зарим хөтлөлтийг баллуурдчихсан уу гэдэг тодорхойгүй ч Засгийн газрын нүүрээ ширлүүлж, баталгаа гаргасан зээлийн эргэн төлөлт иймэрхүү янзтайгаар явж иржээ. Хэрвээ одооноос эхэлж, холбогдох эздэд нь хариуцлага тооцохгүй бол татвар төлөгчдийн нуруун дээр ирэх өрийн дарамт улам ихэсч, Монгол Улс зээлийн барьцаанд хүлэгдэх шинжтэй боллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж