Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа шувтарлаа. Долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатар Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Гончигдамбыг амлаж, өвдөг шороодов. Өсөх идэр начин Б.Гончигдамба ийнхүү улсын заан цолны болзол хангаж байна. Түүнчлэн долоогийн даваанд улсын аварга С.Мөнхбат шинээр улсын харцага цолны болзол хангасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярыг давлаа. Мөн Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын начин Б.Батмөнх Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн арслан Н.Батсуурийг давж, улсын заан цолны болзол хангасан бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболдоор долоо давлаа.
Ингээд Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны их шөвөгт улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, шинээр заан цолны болзол хангасан Б.Гончигдамба, Б.Батмөнх нар тунаж үлдээд байна.
Д.ЖАРГАЛ