Казань хотноо дэлхийн оюутны 27 дахь удаагийн Универсиад наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Японы багийг 75:72-ийн харьцаагаар хожлоо.
Өчигдөр Филиппиний шигшээг 92:79-ийн харьцаагаар хожоод байсан тэд өнөөдөр Японы багийг буулган авснаар хэсэгтээ хоёр хожил авч, гуравдугаар байраар шалгаран шилдэг 16-д багтаад байна.
Дэлхийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт хуваагдсанаас Монголын шигшээ баг В хэсэгт Румын,
Мексик, Серб, Филиппин болон Японы багтай багтсан. Универсиад наадамд Ази тивийг төлөөлөн БНХАУ, БНСУ, Япон, АНЭУ, Филиппин болон Оман, Монгол зэрэг долоон орны шигшээ баг оролцсон ч Өмнөд Солонгос, Монголын шигшээ баг шилдэг 16-д багтлаа. Ийнхүү Монгол, БНСУ-ын эрэгтэй шигшээ багууд 9-16-р байрны төлөө ирэх ням гаригт тоглоно.
Серб 110 – 56 Монгол
Мексик 108 – 54 Монгол
Румын 89 – 72 Монгол
Филиппин 79 – 92 Монгол
Япон 72 – 75 Монгол
Харин эмэгтэй багийн хувьд Тайвань, Канад, Украйн, Японы шигшээ багтай А хэсэгт оноолт таарсан ч хэсгээсээ хараахан хожил авч чадаагүй. Эмэгтэй багийн хувьд өнөөдөр В хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Бразилийн багтай тоглох юм.
Сануулахад,
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 14 хүртэлх насны өсвөрийн
шигшээ баг АНУ-ын Охайо мужийн Клевеленд хотод болсон “Clevelend
Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд оролцож Филиппиний
багийг 39:38-ийн харьцаагаар хожиж, олон улсын анхны хожлоо авсан билээ.