Худал барилдсан гэж шар хуудас өгье

Хуучирсан мэдээ: 2013.07.12-нд нийтлэгдсэн

Худал барилдсан гэж шар хуудас өгье

Сайхан наадаж байна гэх олны сэтгэл рүү ус цацаж, өнөөх өндөр сайхан сэтгэгдлийг нь найрааны бөхчүүдтэй хамт навс унаж орхилоо. Ах дүү, нутаг усныхаа, магадгүй аль өндөр өртөг өгснийх нь төлөө угсруулаад хэдэн начин төрөөдхөв. Худлаа унах, нөгөөх нь хялбар мэх хийгээд амар давах энэ жүжигт нь алга ташилтыг өгөх биш хөлбөмбөгийн шүүгч давхиж очоод шар хуудас өгчихөөсэй гэж бодмоор. Бөх цоллохдоо үнэн хүч, эр бяраа үзэн барилдах тухай үгс байдаггүй бил үү.

Бусад шударга спортод энэ мэт худал жүжиглэх, баашлахыг хялбараар шар хуудас өгөөд л шийтгэчихдэг. Харин бид энэхүү бааш, аягыг нь үндэсний уламжлал бөхийн жудаг мэт үгсээр зөвтгөсөөр бүр байх ёстой зүйл мэт хүлээн зөвшөөрдөг болчихож. Магадгүй ингэж бичлээ гээд үндэсний бөхийг гутаан доромжилсон эргүү сэтгүүлчээр дуудуулан буруудах байх.

Найз маань, дэмждэг бөх маань улсын цолонд хүрэх нь сайхан ч, эр бяраар биш эд мөнгөөр хүрч буй бол үнэ хүндгүй л санагдах юм. Өмнө байсаар ирсэн зүйл болгон, уламжлал болгон бахархал биш шүү.

Уг нь найраагүй сайхан барилдсан бол наадам жинхэнэ сайхнаараа байх байлаа. Гэвч бөхчүүд маань хуучин зуршлаасаа татгалзахыг хүсэхгүй л байгаа бололтой. Яах вэ, худал барилдаад л бай, хэдэн төгрөгийг нь аваад тоолоод л суу, нутгийн дүүгээ цолонд хүргэсэн гавьяатны царайгаа гаргаад л яв. Дараа жилийн наадмаар өнөө гишүүд, дарга нарын турьхан жаалууд чинь улсын цол авна гээд гүйлдээд эхлэвэл адилхан л цолыг нь худалддаг юм шүү дээ. Гүндүүгүй, жудагтай цолтнууд минь олигтойхон унаж жүжиглэх бэлтгэл хийхгүй бол ч мэдэгдээд л байна шүү.

“Чадал байвал бяраараа цол ав, алгаа хорстол ташья” гэж бодсон юмсан. 

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж