Олимпийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, аймгийн арслан Н.Түвшинбаяр өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Д.Рагчаа гарьдыг өвдөг шороодуулж, улсын начин цолны болзол хангалаа. Улсын цолд хүрэх тавын даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаагийн аманд очсон тэрбээр барилдааны дараа "Олимпийн хошой медаль хүртэхэд үндэсний бөхийн спорт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан. Тиймээс ч би үндэсний их баяр наадмын барилдаанд зодоглохоор шийдэж, улсын начин цолны болзол хангасандаа баяртай байна. Монгол түмэндээ аз жаргалаар дүүрэн өргөн дэлгэр наадамлахын ерөөл дэвшүүлье" гэлээ.
Д.ЖАРГАЛ