-“Замын-Үүд” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг гаргасан байгаа. Үүний дагуу дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Бидний ажил хүмүүст удаан харагдаж байж магадгүй юм, гэхдээ ажил явдгаараа явж байна. Энэ жил тэнд дэд бүтцийн зураг төслийн ажил хийнэ.
Засгийн газар “Замын-Үүд” чөлөөт бүст анхаарал хандуулсан байгаа. Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао Монголд айлчлах үеэр дэд бүтэц барьж байгуулах хөрөнгө мөнгөний асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй 300 сая ам.долларын 50 саяыг нь манай чөлөөт бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулах болсон. Мөн Монгол Улсын Засгийн газраас гаргах ёстой 10 тэрбум төгрөгийг дараа төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсөвт суулгаж өгсөн байгаа.
-“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллах компани, үйлдвэрүүд тодорхой болж байгаа юу?
-Одоогоор дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байна. Энэ ажил дуусаагүй байхад газар хуваарилах болон компани бүртгэх ажил хийхгүй. Чөлөөт бүсэд жижигхэн хот бий болно гэсэн үг шүү дээ. Хот төлөвлөлтөд дэд бүтцийг хийгээгүй байхад газар хувааж болохгүй.
-Татварын ямар хөнгөлөлтүүд хэдий хэрийн хугацаанд үйлчлэх вэ. Олон улсын жишигт чөлөөт бүс ихэвчлэн 30 жилийн хугацаатай байдаг. Харин манайх…?
-Эхний таван жил 100 хувь, дараагийн гурван жил 50 хувь татвараас хөнгөлнө. Үүнээс хойш Монгол Улс авдаг татвараа аваад явна.
-“Замын-Үүд” чөлөөт бүс хэзээ ашиглалтад орох вэ?
-Дэд бүтэц байгуулах нь хамгийн чухал ажил. Үүнд, дулааны станц, усны эх үүсвэрийг шийдэх, цэвэрлэх байгууламж, 110 квт-гийн цахилгааны дэд станц барина. Харилцаа холбооны шугамуудыг тавина. Мөн үндсэн буюу туслах, явган хүний 10 км нэгдүгээр зэрэглэлийн зам тавина, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн тохижуулалт хийнэ. эдгээр ажлыг гүйцэтгэхэд хугацаа шаардлагатай, бидний тооцоолсноор 2012 он гэхэд бүс ашиглалтад орно.
-Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах, гадна дотны иргэд очиход виз, оршин суух асуудлыг яаж зохицуулах вэ?
-Засгийн газар 2009 онд Чөлөөт бүсийн бодлогыг боловсруулах, төр засгаас гаргасан шийдвэрт биелэлтийг хангах орон тооны бус зөвлөлийг байгуулсан. Зөвлөл чөлөөт бүсийн хуулийг түүнтэй уялдуулж шинэчлэн, бусад дүрэм журамтай уялдуулан дүрэм журам гаргахаар ажиллаж байна.
Б.БОЛОР