“Сэрсэн тал” соёлын наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

“Сэрсэн тал” соёлын наадам болж байна

Соёл урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөл, БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компани буюу МЕТАА ХХК хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн Тал” Соёлын наадмыг энэ сарын 11,12-нд Хүй долоон худагт зохион байгуулж байгаа юм.  

Тус наадмыг 2008 оноос хойш Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд, МУЗ-ийн ажиллагсад, МЕТАА-ийн ажилтан зэрэг 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.

Энэ онд уг наадам цар хүрээ өргөжүүлэн ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн Монгол ардын уламжлалт урлагийн төрлүүдийн дээжис болсон Монгол уртын дуу, хөөмэй, бий биелгээ, ардын хөгжмийн “Монгол уламжлал”, “Монгол сонгодог”, “Монгол модерн” урлагийн тоглолтыг наадамчин олондоо толилуулж байгаа юм. Мөн монгол зураач, дизайнеруудтай уулзах, тэдний бүтээлээс сонирхох өргөн боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Зохион байгуулагчдын зүгээс “Соёлын Наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байна.

Соёлын Наадмын үеэр “Монголы нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, хүүхдийн зургийн уралдаан, нүүр будалт, хөрөг зураг зэрэг өртөөг ажиллуулахын зэрэгцээ наадмын тусгай зоосыг ашиглан сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой юм шүү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж