Урианхай сураар улсын рекорд шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Урианхай сураар улсын рекорд шинэчиллээ

Наадмын өмнө буюу долдугаар сарын 7-нд сурын төрлөөс хамгийн түрүүнд Урианхай сурын харваа эхэлдэг. Тус сурын харваанд сумаа агссан Хүндэт мэргэн харваач Ц.Ядамжавтай уулзаж, өнөө жилийн наадмын өнгө, сэтгэгдлийг нь сонслоо.

-Харваа мэргэн, сайхан наадаж байна уу? Урианхай сурын харваанд нийт хэдэн харваач цэц, мэргэнээ сойв?

-Сайхан. Урианхай сурын харвааны төрөлд энэ жил 200 шахам харваач оролцсон. Залуучуудын оноо сайн, харвааг өнгөллөө. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харваач, спортын мастер Ц.Батзориг гэж залуу 30 сумнаас 30 онож, улсын рекорд тогтоосон. Тэрээр мастер цолоо биелүүлэн Урианхай харвааны аварга цол хүртлээ. Ихэнх харваачид 30 сумнаас 20-иос дээш онож, харваа сайн байлаа.

-Та хэдэн жил сур харваж байна. Энэ жилийн наадамд хэд онов?

-Би ч одоо хөгширч дээ. 20 гаруй жил сур харваж байна. Оноо их муудсан шүү. Урианхай сурын харваанд 30 сумнаас найм л онолоо.

-Урианхай сурын харвааны онцлог, бусад харваанаас ямар ялгаатай вэ?

 -Үндсэн гурван ялгаатай. Нэгдүгээрт, харвадаг талбайгаараа ялгаатай. Талбайг нь зурхай биш, өтвөг гэнэ. Эрт дээр үеэс Урианхай сурын даланг өтөг буцаар засдаг байсан учраас ийн нэрийдэх болсон. Өвтөг дээрээ арын, өврийн гэж хоёр далан татаж байгаа юм. Тэр далан дээгүүр сур гарах юм бол тооцдог. Хоёрдугаарт, зан үйлийн онцлог буюу дүрмийн нарийн онцлогтой. Гуравт  эртнээс уламжилсан багаж, хэрэгсэлийн онцлог гэж бий. Халх сурын харвааны сумны булцуу нь жижиг, бусад сурд урт байдаг бол Урианхай сурын харваанд том байх жишээтэй. Харвадаг сур нь том байна. 350 грам сур тавьж харвана. Түүнийг тэр шороон далан дээгүүр гаргах бол амаргүй шүү. Хэдийгээр харвадаг зай нь ойр харагдаж байгаа ч  цаад харваж байгаа сум нь хүнд учраас төвөгтэй. Урианхай сурыг өвөг сур гэдэг шүү дээ. Учир нь сурын харваа байлдааны хэрэгслээс наадмын нэг төрөл болоход анх энэ харваа орж ирсэн байгаа юм. Үүнээс халх, буриад сур салбарласан. 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж