Луол Дэнг Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Луол Дэнг Монголд ирлээ

“Чикаго Буллс” багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, NBA-гийн шилдэг тоглогчдын нэг Луол Дэнг /Luol Deng/ хэдхэн хормын өмнө  Монголд хөл тавилаа. Тэрбээр дэлхийд ганц монгол наадмыг үзэж сонирхохоор ердөө хоёрхон хоногийн хугацаатай Монголд зочилж буй юм. Тэрбээр өнөөдөр орой 21.00 цагт “Eagle” телевизэд шууд ярилцлагад орох бөгөөд маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг үзэж сонирхох ажээ. Харин дараа нь Төв цэнгэлдэхийн гадна байрлах “Скайтел” компанийн асарт сагсан бөмбөг сонирхогчидтой уулзах юм байна. Үдэш нь харин Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох “Silence White” шоунд оролцоно. Ингээд 13-нд нутаг буцах ажээ.

С.ЦЭЛМЭГ

Луол Дэнгийн товч танилцуулга:
Тэрээр
1985 оны дөрөвдүгээр сарын 16-нд Судан улсын Вау хотод төржээ. Түүний
эцэг Алдо нь Суданы засгийн газрын гишүүн байсан бөгөөд Суданд хоёр дахь
иргэний дайн гарах үед Египт улс руу гэр бүлээ нүүлгэн сууршисан байна.
Египтэд байхдаа Дэнгийн гэр бүл NBA-гийн төвийн тоглогч, нутаг нэгт
Манют Болтой танилцаж, Бол Луол болон түүний ах Ажу нарт сагсан
бөмбөгийн спортыг анх зааж өгч байсан байна.

Дэнгийн гэр бүлд
Англи улсыг улс төрийн орогнолтоор зорих боломж олдож, тэд Лондон хотын
урд хэсэгт байрлах Брикстон хот руу цагаачилсан байна. Англид ирээд Луол
хөлбөмбөгийн спортыг ихэд сонирхсон хэдий ч сагсан бөмбөгөө хаялгүй
хичээллэсээр байлаа. Удалгүй түүний ур чадвар бусдын нүдэнд анзаарагдаж,
Английн 15 хүртэлхи насны шигшээ багт тоглооч хэмээн түүнийг урив. Энэ
үеэр Дэнг Брикстоны Сагсан Бөмбөгийн Клубт орж, тэндэх карьераа
эхлүүлсэн байна.

Арван гурван настайдаа Луол Дэнг Европын
Хүүхдийн АШТ-ний эрхийн төлөөхи тэмцээнд Англи улсыг төлөөлөн оролцож,
40 оноо, 14 с.б.а дунджилж, тус тэмцээний “MVP” буюу Хамгийн Үнэ Цэнэтэй
Тоглогчоор нэрлэгдэж байсан байна. Дараа нь Европын Хүүхдийн АШТ-нд
тоглож, 34 оноог дунджилснаар мөн л MVP-гийн шагналын эзэн болжээ.

Дараа
жил нь Луол Дэнг АНУ-руу нүүж, Нью Жерси хот дахь Блэйр Академид элсэн
орж, тэндээ багийн ахлагчдын нэгээр сонгогдсон байна. Дунд сургуулиа
төгсдөг жил Дэнгийг АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн ЛеБрон Жеймсийн дараа
орох дунд сургуулийн шилдэг тоглогч хэмээн магтаж, МакДоналдын нэрэмжит
Дунд Сургуулийн Бүх Америкийн тоглолтонд уригдан тоглосон байн. Гэвч
тэрээр хөлний гэмтлээс болж тус тоглолтонд оролцож, ЛеБрон, Кармэло
Энтони зэрэг ирээдүйн оддын эсрэг тоглож чадаагүй юм.

Дунд
сургуулиа төгсчөөд Луол Дюкийн Их Сургуулийг сонгож, алдарт
дасгалжуулагч Майк Шишевскигийн удирдлага дор 37 тоглолтыг хийж, 32-т нь
гараанд гарч, 15.1 оноог дунджилсан байна. Нэгдүгээр курсын оюутнууд
дундаа Дэнг хамгийн шилдэг нь байж, оноо, самбараас бөмбөг авалт,
довтолгооны хувиар тэргүүлжээ. Дюкийн багийг NCAA-гийн тэмцээний Шөвгийн
дөрөвт шалгаруулахад Дэнгийн оруулсан хувь нэмэр их байлаа.

2004
онд Луол Дэнг өөрийгөө NBA-д бэлэн гэж үзэж, Драфтад оролцохоор болж,
нэрээ бүртгүүлсэн юм. Түүнийг “Финикс Санс” баг долоо дахь сонголтоор
сонгон авч, өмнө нь хийгдсэн тохиролцооны дагуу тэр дор нь “Чикаго
Буллс”-д өгсөн байна. Рүүки жилдээ Дэнг 61 тоглолт хийж, 11.7 оноо
дунджилсан юм. Гэхдээ улирлын төгсгөл рүү бугуйндаа маш хүнд гэмтлийг
авч Плей-оффт тоглож чадаагүй байна. Тэгсэн хэдий ч Дэнгийг NBA-гээс
өндөрт үнэлж, Бүх Рүүкигийн нэгдүгээр багт нэрлэж, “Чикаго Буллс” баг ч
гэсэн түүнийг ирээдүйн од тоглогч гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Луол
Дэнг одоог хүртэл Буллс багтаа тоглож, жил бүр багаа Плейоффт
шалгаруулахад тусалж, хувийн статистик амжилтаа улирлаас улиралд
ахиулсаар байна. Тэрээр 2011-12 улиралд гайхалтай сайн тоглож, улмаар
Бүх Оддын тоглолтонд сонгогдсон нь Дэнгийн карьерий хамгийн оргил мөч
байлаа.

Луол сагсан бөмбөгийн талбайн гадуур маш их хүмүүнлэгийн
ажилд оролцож, өөрийн зүгээс чадах бүхнээ зориулдаг юм. Их Британий
Хүүхдийн Сан, “Суданы Алдагдсан Үе” иргэний дайны хохирогчдод туслах
сайн үйлсийн аян болон NBA-гээс зохион байгуулдаг Хил Хязгааргүй Сагсан
Бөмбөг хөтөлбөрт Луол Дэнг харамгүй цагаа зарцуулж ирсэн байна. Тэрээр
мөн Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн төлөөлөгч гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж