“Бүс нээгдсэн гэж хэлж болно”

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Бүс нээгдсэн гэж хэлж болно”

Тэгвэл “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн ерөнхий менежер Д.Эрдэнэбат ийн ярьж байна.

-Хөрөнгө мөнгөний асуудлаас бо­лоод дэд бүтцийг шийдвэрлэж чадахгүй байлаа. Гэхдээ бид анхан шатны байдлаар сайжруулсан шо­роон зам тавьж, ОХУ руу орох гар­цаа нээсэн. Холбогдох дүрэм журам  батлагдсан. Чөлөөт бү­сэд газар авсан компаниуд газар авснаа чухалчлаад үйл ажиллагаа эхлэхгүй юм. Тэд үйл ажиллагаа эхлүүлэх хэрэгтэй байна.

-Танай бүсэд хэчнээн компани үйл ажиллагаа явуулах вэ?
-Одоогоор зургаан орны 140 гаруй аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж /чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх/,                                      газраа хуваарилсан. Үүнээс дотоо­дын компани 288.6 га, гадаадын компанид 32.2 га газрыг хуваарилаад байна. Нийтдээ 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм.

-Чөлөөт бүсэд компаниуд ямар ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Бүртгэлээс харахад, дотоодын үйлдвэр 25, худалдаа эрхлэх 57, үйлчилгээний 41 компани, агуулахын үйл ажиллагаа явуулах 46, зочид буудал 15, банк гурав байна. Харин гадны компаниуд ихэвчлэн худалдаа эрхлэх юм.

-Монголын эдийн засаг хөг­жи­хөд тулгуур болох үүднээс чө­лөөт бүсийг байгуулж байгаа. Харин “Алтан­булаг” чөлөөт бүс ашиг­лалтад орсноор …?
-Манай бүсэд үйл ажиллагаа эр­хэлс­нээр Монголд үйлдвэрлэсэн 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээг­дэ­­хүүнийг гаалийн болон тарифын али­ваа хязгаарлалтгүй Европын хол­­боо­ны орнуудад нийлүүлэх шийд­вэр хэрэг­жиж байгаа энэ үед чө­лөөт бүсэд экспортын чиглэлийн үйлдвэрийг олноор барьж, бүсээр дамжуулж бараа бүтээг­дэ­хүүнийг гадаад зах зээлд гаргах өргөн боломж нээгдэх юм.

-Бүс нээгдсэн гэж ойлгож болох уу. Тэнд байх төрийн үйлчилгээний байгууллагууд төвхнөсөн үү. Хил гаалиар нэвтрэхэд ямар дүрэм журам мөрдөх вэ?
-Нээгдсэн гэж хэлж болно. Бүсэд мөрдөгдөх гаалийн, татварын, хил хамгаалалтын, мэргэж­лийн хяналтын, иргэдийн зор­чих, ор­шин суух болон визийн, ха­руул хамгаалалтын шалган нэвтрүүлэх зэрэг есөн журмыг боловсруулан холбогдох байгууллагуудаар батлуул­сан. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд тэнд мэргэжлийн албад бүрэн ажиллаж эхэлсэн. Гарцаа нээсэн байгаа тухай дээр би хэлсэн. ОХУ-аас бүс рүү орж ирэхэд визгүй орохоор зохицуулсан. Гэвч хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр визтэй зорчих ёстой гэсэн заалт бий. Тиймээс ОХУ-ын талаас визтэй байх шаардлага тавьж байна. Тэгэхээр Засгийн газар хоорондын хуралдаанаас энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж