Чөлөөт бүсүүдийн тухай та мэдэх үү

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсүүдийн тухай та мэдэх үү

Манай улс чөлөөт бүсийг байгуу­лах­даа импортын барааг орлуулах, экс­портын барааг нэмэгдүүлэх, шинэ технологи нутагшуулах, нэвтрүүлэх хэмээн зорилгоо тодорхойлжээ.
Монгол Улс Дорноговь аймагт “За­мын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, Говьсүмбэр аймагт Чойрын эдийн засгийн чөлөөт бүс буюу үйлд­вэрлэлийн чөлөөт бүс, Сэлэнгэ аймагт “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс болон Баян-Өлгий аймагт “Цагаан нуур” худалдааны чөлөөт бүс гэсэн дөрвөн бүстэй. Эдгээрээс хамгийн том нь “Замын-Үүд”. Учир нь чөлөөт бүс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдааны гэсэн ангилалтай байдаг ба энэ бүх үйл ажиллагааг нэг дор явуулахыг эдийн засгийн чөлөөт бүсэд зөвшөөрдөг. Мөн манай хуулиар эдийн засгийн чөлөөт бүсэд казино ажиллуулж болно. Чөлөөт бүс дотор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад гаалийн болон онцгой албан татвар , НӨАТ төлөхгүй, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт эдэлнэ, визний хөнгөвчилсөн журам мөрдөнө, үйлд­вэрлэл, худалдааны чиглэлээс хамаараад татварын хөнгөлөлтөд хам­рагдана гээд зүйл зүйлээр freezone.
“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс нийт 900 га талбайтай. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2012 онд багтаан хийж дуусгах төлөв­лө­гөөтэй. Энэ ажлыг БНХАУ-ын Засгийн газраас олгож буй хөнгөлт­тэй зээлийн санхүүжилтээр гүйцэтгэж буй. Гүйцэтгэх ажлыг Хятадын “Camc” компани хийхээр тодроод буй.
Бүс дотор сургууль, цэцэрлэг, дэл­гүүр хоршоо, эмнэлэг, цагдаа гэх мэт нийгмийн бүхий л байгууллагууд байх болно. Тэдгээрийг дагаад соёл урлагийн, үйлчилгээний төв ч бий болох нь дамжиггүй. Бүс ашиглалтад орс­ноос 20 жилийн дараа гэхэд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс 50 мянган хүн амтай хот болох тоо­цоо бий.
Чойрын эдийн засгийн чөлөөт бүс буюу үйлдвэрлэлийн чөлөөт бүс 1300 га талбай бүхий бүс. Эрх зүйн байдлын тухай хууль нь батлагдаагүй байгаа. Цаашид энэ бүс байх үгүй нь ч мөн эргэлзээтэй байдалд ор­сон. Сайншандыг үйлдвэрийн хот бол­гох­той давхцаад энэ чөлөөт бүс байх уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Эц­сийн шийдвэр гаргах шатанд эс­вэл чөлөөт бүс болгох “Чойр”-ын тө­сөл унана, эсвэл Сайншанд нурна. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээс дөрөв дэх чөлөөт бүсийн асуудал шийдэгдэх юм.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба Монгол, ОХУ, Япон, Солонгос, БНХАУ, Англи, Амеркийн 100 орчим компанитай 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийжээ. Бүх талбайгаа хуваарилж дуусгасан. Үйл ажиллагаагаа эхлэхэд төрийн үйлчилгээ бараг бэлэн болсон. Анхан шатны байдлаар дэд бүтцийг бүтээн байгуулж эхэлсэн боловч газар авсан компаниуд үйл ажиллагаагаа эхлэхгүй байгаа. Дээрх чөлөөт бүс ашиглалтад орсноос 20 жилийн дараа гэхэд 20 мянган хүн амтай хот болно гэсэн тооцоо байдаг юм байна.  
Сэлэнгэ аймаг газрын хэвлийн баялаг, ойн сангийн нөөцөд тулгуур­ласан уул уурхайн ба барилгын мате­риал үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн түүхий эд дээр суурилсан хөнгөн, хүнс­ний үйлдвэрлэлийн чиглэлтэй жилд 45.0-200.0 тэрбум төгрөгийн бү­тээг­дэхүүн үйлдвэрлэдэг. Улсын хэм­жээний спирт үйлдвэрлэлийн 90 гаруй, шохойн 90 хувь, цементийн 35 хувь, гурилын 20 шахам хувь, алтны 40 хувийг энэ аймагт үйлдвэрлэдэг. Аймгийн аж үйлдвэрийн салбарт улсад төдийгүй гадаад зах зээлд үйлдвэрлэл технологи, бүтээгдэхүүнээр танигд­сан Зүүнхараагийн Спирт бал бур­мын комбинат, Хөтөлийн Цемент шо­хойн үйлдвэр, Баянгол-Мандал сум дахь “Бороо гоулд” алтны үндсэн ордын үйлдвэр, Ерөө сум дахь “Ерөө-Болдтөмөр” төмрийн хүдэр олборлох үйлдвэр, экспортын мах, махан бүтээг­дэхүүний “Дорнын говь” мах боловсруулах үйлдвэр зэрэг багтдаг.
Газрын зургаар баруун хил дээр “Цагаан нуур” худалдааны чөлөөт бүс харагдана. Энэ бүс 700 га талбайтай, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт байрладаг. Улсын хилээс 20 орчим км, аймгийн төвөөс 45 км-ийн зайд оршино. Төмөр зам байхгүй, дэд бүтэц бий болгоход ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай. Эрхбиш автозамтай, хуучин Цагааннуурын дамжлага баазын суурь дээр байгуу­лагд­сан юм байна. Гэвч урд, хойд хил дээр хоёр том худалдааны төв байхад баруун хязгаарт дахиад нэг чөлөөт бүс байх хэрэг байна уу, үгүй юу гэсэн шүүмж бас байдаг.
Тус чөлөөт бүсэд 1.5 тэрбум төгрө­гийн хөрөнгө оруулалт хийж  бүсийн хамгаалалтын хашаа барьснаас гадна аймгийн төвөөс цахилгаан шугам татаж, 30 км автозам барих зэргээр дэд бүтцийг шийдвэрлэх ажилд зориулсан байна. Өчигдрийн байдлаар 23 компани бүртгүүлсний 22 нь худал­даа, үйлчилгээ явуулах, үлдсэн нэг нь аялал жуулчлалын компани аж. Бүсэд хэсэгчилсэн бөөний худалдаа хийх бэлтгэл ажил хийж байгаа гэнэ. Харин визний асуудал садаа болж байгаа талаар захирагч нь хэллээ. Чө­лөөт бүсийн хуулиар бол чөлөөт бүсэд шууд нэвтэрч, чөлөөт бүсийн виз дардаг, харин хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт визтэй зорчино гэсэн заалт байдаг. Энэ нь чөлөөт бүсэд ОХУ-аас нэвтрэхэд тушаа болж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж