Саудын Арабын гүнж хүний наймааны хэргээр баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Саудын Арабын гүнж хүний наймааны хэргээр баривчлагдав

Саудын Арабын гүнж гэрийн үйлчлэгчээ хүчээр гэртээ байлгаж байсныхаа төлөө хүн барьцаалсан хэрэгт унажээ.

Калифорнийн прокурор Саудын Арабын гүнж Мишаэл Алайбаныг Калифорни дахь гэртээ Кени гаралтай гэрийн үйлчлэгчээ хүчээр байлгаж байсныг нь хүний наймааны нэг төрөл гэж үзэж, ял төлөвлөж байгаа юм байна. Хэрэв Мишаэл Алайбан буруутай нь тогтоогдвол 12 жил шоронд суух ял сонсох ажээ.

Гэрийн үйлчлэгч кени бүсгүйг чемоданаа авч зугатаан, тааралдсан автобусанд суухдаа нэгэн хүнд өөрийгөө хүний наймааны золиос болсон хэмээн хэлсний дараа Мишаэл Алайбаныг баривчилжээ.

Саудын Арабын гүнж үйлчлэгч бүсгүйг 2012 онд Кенид байхад нь ажилд авч Саудын Арабад ирснийхээ дараа пасспортыг нь хураан авчээ.

Саудын Арабын гүнж түүнийг байнга илүү цагаар ажиллуулж, амласнаасаа бага цалин хөлс өгч байсан төдийгүй гэрээс гарахыг нь хориглосон гэж үйлчлэгч бүсгүй мэдүүлжээ.

Шүүгч Мишаэл Алайбаныг таван сая ам.долларын батлан даалтанд гаргасан бөгөөд хаашаа явж буйгаа заавал мэдэгдэж байхыг анхааруулжээ. Мөн түүнийг зөвшөөрөлгүйгээр тус улсаас гарч явахыг хориглосон байна.

Мишаэл Алайбаны өмгөөлөгч энэ хэргийг хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан гэж тайлбарлаж байгаа ч Калифорнийн хууль сахиулагчид түүнийг гэрийн үйлчлэгчдээ сарын 1600 ам.доллараар цалинжуулахаар тохирсон ч сард ердөө 200 ам.доллар өгч байсныг тогтоожээ.

Дээрх хэргийн дараа гүнжийн өөр 4 гэрийн үйлчлэгч ч мөн тэднийд ажиллахаас эрх чөлөөтэй байхыг илүүд үзжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж