Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг ажээ. Тэгвэл үүнийг өөрчилж Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортлохоор болжээ. Газрын тос тээвэрлэх шат дамжлагыг ийнхүү цөөлж, Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор экспортолбол тээврийн эргэлт хурдсах юм байна.
Мөн Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210,7 км хатуу хучилттай авто зам барихыг Засгийн газрын хуралдаанаас тогтоосон юм.
Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэх тухай албаныхан онцолж байгаа.
Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулсан газрын тос буюу “Монгол-93” шатахуунаа Хавиргын боомтоор оруулж ирэх юм байна.
Түүнчлэн, хоёр улсын хооронд тээвэр хийж буй Монгол, Хятадын харъяат жолооч нарын улсын хил нэвтрэх журмыг хялбаршуулах асуудлыг судлан санал боловсруулж оруулж ирэхийг холбогдох сайд нарт даалгасэн байна. Экспортын түүхий тосны тээвэр хийж буй жолооч нар хилээр орж гарахдаа БНХАУ-ын "албаны энгийн" паспорт ашигладаг, паспортын хуудас нь 2-3 сарын дотор л штампаар дүүрч дуусчихдаг байна. Паспорт шинээр авахад урилга, виз, хөдөлмөр эрхлэх, оршин суух зөвшөөрөлгээд олон дамжлага дамжиж, хугацаа алддаг ажээ.
Ийнхүү Монгол улс экспортын орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай дэд бүтэц, тээврийн асуудлыг хөнгөвчлөх буюу олон шат дамжлагат тээврийн тогтолцоог цөөлж эхэлж байна. Тээвэрлэлтийн зардал нэмэгдэхэд экспортоос олох ашгийг багасгасаар байдаг тул ийнхүү өөрчлөлт хийхээр болсон тухай албаныхан онцолж байна.