Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөв

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдорж өнөөдөр 11.40 цагаас буюу морин цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол анх удаа Чингис хааны хөшөөний өмнө, ард иргэдийнхээ өмнө болсноороо онцлог юм. Тангараг өргөх ёслолын өмнө Төрийн есөн хөлт цагаан туг, төрийн тамга, Үндсэн хуулийн уг эх зэргийг Төрийн ордноос залан гаргаж ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тангараг өргөх ёслолын эхэнд эзэн Чингис хааны хөшөөний өмнө УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан юм. Уг чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн гишүүд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцлоо. Гадаадын зочдын дунд Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт, Польшийн ардчиллын бэлгэ тэмдэг Лех Валенса, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Томика Тиллман, ОХУ-ын Холбооны зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуо, Японы Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд Фүрүя, Энэтхэг улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний сайд Ф.Абдулла, Францын Хөдөө аж ахуй, хүнс, ойн асуудал эрхэлсэн төлөөний сайд Г.Гаро, Ираны Газрын тосны сайд Р.Гасеми, БНСУ-ын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Жү Чол Ги нарын хүмүүс байв.
 
Хүндэтгэлийн чуулганы хуралдаанд УИХ-ын 76 гишүүний 69 нь хүрэлцэн ирж 90,7 хувийн ирцтэй байгааг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулж хуралдааныг нээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан УИХ-ын дарга З.Энхболд “Энэ мөчөөс эхлэн та Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дахин шинээр хэрэгжүүлж эхэлж байна. Та өмнөх дөрвөн жилийнхээ ажлыг тууштай үргэлжлүүлж Монгол түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн ажиллана гэдэгт итгэж байна. Монгол төрийн тэргүүний хүндтэй ажилд тань өндөр амжилт хүсье” хэмээлээ.
Төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн баяр хүргэн үг хэлж “Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгосон нь монголчууд шударга ёсны төлөө, авлигын эсрэг, Монгол орон, гэр бүл, өөрийнхөө сайн сайхны төлөө хийсэн сонголт юм. Ирэх дөрвөн жилд Монгол Улсынхаа төлөө зүтгэж чадна гэдэгт итгэснийх юм. Цагаан морин жилийн хувьсгалыг үргэлжлүүлнэ гэсэн үг юм. Төрийн их цагаан сүлд, эзэн Чингис хааны хөшөөний өмнө, ард иргэдийнхээ өмнө тангаргаа өргөж байгаад баяртай байна. Монгол түмний сүлд хийморь мандан бадрах болтугай” гэлээ.
 
Ерөнхийлөгчийг тангараг өргөж үг хэлсний дараа 2250 цэргийн албан хаагч оролцсон парад болсноор ёслолын ажиллагаа өндөрлөв.

Эх сурвалж: www.president.mn

 
 
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж