ТЭЗҮ боловсруулахад 12 сая ам.доллар зориулна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

ТЭЗҮ боловсруулахад 12 сая ам.доллар зориулна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” зээлийн хэлэлцээр, “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хэлэлцээрийг зөвшилцөж,
Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын эрээнд Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Сангийн сайд С.Баярцогтын танилцуулснаар Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкнаас 60 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкнаас 60 сая, Япон улсын Засгийн газраас 50 сая, нийт 170 сая ам.долларын авахаар төлөвлөснөөс 110 сая ам.долларын санхүүжилт хийгэж, үлдсэн 60 сая ам.долларыг 2010 оны төсвийн жилд зарцуулахаар болжээ.

Мөн “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас олгохоор амласан 12 сая ам.долларын зээлийг уул уурхайн томоохон ордуудын Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад зориулах ёстой гэсэн саналыг Сангийн яамнаас оруулж ирснийг гишүүд дэмжив. Учир нь Оюутолгой, Тавантолгойн ордууд дээр Монголын Засгийн газрын зүгээс ТЭЗҮ боловсруулаагүй, хөрөнгө оруулагчид компаниуд түлхүүр гардуулах нөхцлөөр хийж байгаагаас гүйцэтгэгч тал ТЭЗҮ-д хэтэрхий өндөр өртөг шингээж орж ирээд байна. ТЭЗҮ хийх хөрөнгийг төсөвт суулгах боломжгүй, түүний оронд ганц сургууль барья гэсэн байдлаар гишүүд ханддаг учраас Дэлхийн банкны энэ зээлийг авах хэрэгтэй гэсэн тайлбарыг Сангийн сайд хийсэн. Байнгын хорооны дарга З.Энхболд гишүүн зээлийн зориулалтыг өөрчилж, ТЭЗҮ боловсруулахад ашиглана гэдгийг Дэлхийн банк зөвшөөрөхгүй юм биш үү гэдэг болгоомлолоо хэлэхэд Сангийн сайд “Дэлхийн банкны Монголыг хариуцсан хоёр захирал ирээд байгаа, энэ асуудлаар ярилцаж тохирсон. Нэгэнт амлаад байгаа 12 сая ам.долларынх нь квотыг батлуулчихвал түүний дараа зориулалтыг нь УИХ шийдвэр гаргаад өөрчлөх боломжтой гэсэн” гэдэг тайлбарыг хийлээ. Гишүүд ч олон салбарыг хамарсан техник туслалцаа гэдэгт ТЭЗҮ боловсруулах асуудал ч мөн хамаарах боломжтой гэж үзээд, хэлэлцээр батлагдсан хойно зээлийн зориулалтыг дахиж нарийвчлахаар Сангийн сайдын саналыг дэмжив.

Б.ЗАЯА    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж