Орон бүхний тагнуулчид нэгдэгтүн

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Орон бүхний тагнуулчид нэгдэгтүн

Магадгүй энэ үг танд танил санагдаж байж болох. 1848 онд Социализмын маестро гэгдэх Карл Марксын хэлсэн үг “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн”. Эдийн засгийн түүхэнд сайнаар гэхээсээ муугаар дурсагддаг энэ хүний үг, нэгэн цагт мандаж асан коммунизмын нийгэм шигээ одоо үнэ цэнэ нь унасан. Харин түүнтэй адилтгаж болох нэгэн үгийг хэлсэн хүн нь Обама. Дэлхийг өөрийн үзэл бодлоороо хуйлруулж, нийгмийн дайсан мэтээр үзэгдэж байгаа Сноуденээс болж, дэлхийн өнцөг булан бүрийн тагнуулчдыг энэ үйл хэрэгт хамтран зүтгэхийг уриалсан нь энэ. Магадгүй энэ үгний үнэ цэнийг Обама ойлгож байж болох ч дэлхийн эгэл жирийн ард иргэд эгээ л Карл Марксын 180 гаруй жилийн өмнө хэлж байсан үгтэй дүйцүүлж ойлгосон байж болох талтай.

Обамагийн тэвдэлт
Магадгүй тэр засаглалынхаа туршид ингэж тэвдэж байсан тохиолдол цөөхөн. Ливийн асуудлаас болж суудлаасаа өндөлзөж, Бин Ладеныг устгасан тухай мэдээллийг бурхантай ярилцан байж хүлээж байсан болохоос нэг хүнээс болж тэвдэж байсан нь цөөхөн, бараг байхгүйтэй ижилхэн. Тэрээр европийн холбоо болоод азийн улсуудыг тэрс үзэлтнүүдийг намнахад хамтран ажиллахыг уриалсан нь энэ. Гэхдээ зөвхөн үзэл санаагаараа бус тагнуул, цэргийн ажиллагаан дээр хамтрахыг ийнхүү хэн бүхэнд танил хэллэгээр хэлжээ.

“Ямарваа нэгэн улс үндэстний хувьд хадгалж явах нууц, хэн бүхэнд дэлгээд байхааргүй мэдээлэл гэж бий. Түүхийн урт хугацааны явцад ийм байсаар ирсэн, цаашид ч ийм байх болно. Тийм ч болохоор тухайн улс оршин тогтнож, иргэн гэх тодорхойлолтон дунд амьдардаг. Бид ардчилсан гүрэн. Тэглээ гээд байдаг бүхнээ олонд дэлгээд байх орон биш. Хэрвээ ийм мэдээллийг ил болгосон л бол үүнийг улсаасаа урвасанд тооцох үндэстэй” гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Германы Der Spiegel сэтгүүлд ярьжээ.

Улс үндэстний нууц, төрийн хар хайрцагны бодлого зэргээс харвал яалт ч үгүй Обамагийн зөв. Гэхдээ ард иргэддээ PRISM программыг аль эрт хаасан гэж мэдээлж байсан ч Обамагийн засаглалын жилүүдэд дахин сэргээх гэж байсан, яриа сэлтийг сонсдог байсан гэдэгт хэргийн гол зангилаа оршиж байгаа юм. Цаашид ч Обамаг, цаашлаад АНУ-ыг тэвдүүлэх материалыг олонд зарлана гэдгээ хэргийн эзэн мэдэгдээд байгаа. Магадгүй зөвхөн энэ л зүйл Обамаг ингэж хэлэхэд хүргэсэн байж болох талтай.

Сноуденд ирсэн урилга
Никарагуа, Танзани, Венесуэль, Экуадор, Боливи. Энэ улсууд Сноуденд хаалгаа цэлийтэл нээж, дарамт шахалтгүй, амгалан амьдрах боломжийг олгоно гэдгээ мэдэгдээд байгаа. Чухам эдгээр улсууд яагаад түүнд урилга явуулж, хамгаалах хүсэлтэй байгаа нь тодорхойгүй. Гэхдээ латин амеркийн ихэнх улсууд түүнийг хүсэмжлээд байгаа нь цаанаа учиртай байж болох. Нэгдүгээрт түүхийн ямар ч цаг хугацааны туршид нэгэн тивийн хавтгай хоёр талд үзэл сурталаараа тусгаарлагдсан. Хоёрдугаарт эдийн засаг болоод улстөрийн нөлөөллөөрөө хойд америкчууд, өмнөдөөсөө тохой илүү. Гуравдугаарт АНУ-ын төрийн нууц, хаалттай мэдээлэл тэдэнд юу, юунаас илүү хэрэгтэй байгаа. Энэ гурван хүчин зүйлээс болж европийн тоохгүй байгаа, “хэрэгтэн”-ийг хэн хүнээс илүү урьж залаад байгаа билээ. Экуадор улс Жулиан Ассанжид хаалгаа нээж өгсөн. Түүнийхээ ачаар энэ оны сүүлд Сирийн баримтыг бид хүлээж авахад бэлдэж байгаа. Харин Сноудентэй хамтраад тэр бүх мэдээллээ олонд ил болговол Обамаг, АНУ-тай тэвдүүлж, сандруулах цохилт нь хүчтэй болно. Тэгээд ч тэд нэг тивд хамт байна шүү дээ.

Сноуденд яг одоо 20 сая утасны бичлэг, 10 сая гаруй дата мэдээлэл, Хятад, Ирак, Саудын Арабтай хэлэлцсэн нууц хэлэлцээр зэрэг баримтууд бий. Тэр зөвхөн энэ баримтынхаа тав хүрэхгүй хувийг нь л олонд ил болгоод байгаа. Хэрвээ бүгд нийтэд ил болвол асар их мэдээллийн түрлэг дэлхийг донсолгох нь ойлгомжтой.

Герман, Франц зэрэг холбоотон гүрнүүд, зүүн европийн орнууд ч АНУ-ын талд байгаа. Тэд улсдаа нэвтрүүлэхгүй гэдгээ ах, дүүгийн ёсоор тангаргалсан. Гэхдээ ОХУ тэргүүтэй хуучин социалист системийн улсууд яахаа мэдэхгүй байгаа. Тэд оруулах, оруулахгүй гэдгээ албан ёсоор мэдээлээгүй. Учир нь аль, аль нь тэдэнд ямар ч ашиггүй билээ. Герман улс хэрвээ нутагтаа нэвтэрвэл шууд сем авгын гарт хүлээлгэн өгнө. Франц ч гэсэн ялгаагүй.

Одоо байдлыг харах л үлдлээ. АНУ тэвдэхүү, Сноуденыг гартаа оруулах уу…?

Б.СYX
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж