Өнөөдөр Гадаад Харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сэргээгдэх эрчим хүчний сайд Фарүүк Абдуллаг хүлээн авч уулзлаа.
Сайд Л.Болд Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэв. Тэрээр мөн энэ оны эхээр тус улсад айлчлахдаа Мумбай хотод энэтхэгийн бизнес эрхлэгчидтэй уулзснаа дурдаад ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Энэтхэг идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Сайд Фарүүк Абдулла хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ойрын хугацаанд дээрх салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэх талаар эрчимтэй ажиллахаа илэрхийлсэн юм.
Б.БАТ