Монголын програм хөгжүүлэгчдийн дунд нээлттэй хөгжүүлэлтийг дэмжих зорилгоор зохион байгуулсан MOBICOM Open API уралдаанд 100 гаруй хөгжүүлэгчийн 37 апликейшн оролцохоор бүртгүүлснээс цаашид өргөнөөр ашиглагдаж олон нийтийн хүртээл болох боломжтой, Мобикомын АPI-г ямар нэгэн хэмжээгээр ашигласан, загвар дизайн хийц зэрэг үзүүлэлтээр оноо өгч 5 бүтээлийг шалгаруулжээ.
Цахим ертөнцөд байршуулсан апликейшныг Мобиком корпорацийн Маркетингийн газар болон Мэдээллийн Технологийн газрын захирлууд, програм хөгжүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй баг шүүж тус бүрийн нийлбэр дүнгээр ялагчдыг тодруулсан юм. 1-р байрт Б.Цэрэнсодном “Моби роуминг”, 2-р байрт Ч.Энхбазар “Fly SMS fly” програмаар шалгарч Samsung Galaxy S4, Sony Xperia Z утасны эзэд боллоо. Мөн уралдаанд идэвхтэй оролцон нээлттэй хөгжүүлэлтийг ашигласан “Моби дата”, “Little Spy”, YellowBox, “Энэ хэн бэ” програмуудын хөгжүүлэгч Ц.Наранбаяр, Я.Цолмон, Ц.Гантулга нарт дурсгалын зүйлс гардуулан цаашид нээлттэй хөгжүүлэлтийн чиглэлээр улам илүү амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөлөө.