Хүн амзүйн цонхны нээлтийн үед эдийн засгаа өргөжүүлэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хүн амзүйн цонхны нээлтийн үед эдийн засгаа өргөжүүлэх хэрэгтэй гэв

“Хүн ам зүйн цонхны үе ба хөгжлийн бодлогын зарим асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт маргааш Төрийн ордонд болно. Энэхүү уулзалтаар чухам ямар асуудал хэлэлцэх талаар бид Үндэсний шинэтгэлийн хорооны хөгжлийн бодлого, стратегийн төлөлвлөлтийн газрын орлогч дарга Ж.Жаргалсайханаас тодрууллаа.

-Сүүлийн үед хүн амзүйн цонх гэсэн хэллэг сонсогдох болжээ. Ярилцлагынхаа эхэнд энэ нэр томъёоны талаар тодруулна уу?

– Хүн амзүйн цонх нээгдэнэ гэдгийг энгийнээр тайлбарлавал нийт хүн амын дунд хөдөлмөр эрхлэх чадвартай хүн амын эзлэх хувийн нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөр эрхлэх чадвартай хүн ам гэдэгт 15-60 насныхныг хамааруулан ойлгож болно. Ерээд оноос манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хүн амын дунд төрөлт буурсан нь хүүхэд, өндөр настны эзлэх хувийг багасгасан байж болох талтай юм. Хөдөлмөр эрхлэх чадвар бүхий иргэдийн абсолют тоо өсөөгүй хэдий ч хүн ам дунд эзлэх хувь нь өндөрссөн гэдгийг онцлон ойлгох хэрэгтэй л дээ. Хүн амзүйн цонх нээгдэх үе 2008 оноос эхэлсэн гэж болно. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2031 он хүртэл хүн амзүйн цонх нээлттэй хэвээр байх юм. Энэ үзэгдэл манай улсын хувьд хөгжлийн гарааны үе буюу уул уурхайн салбараа хөгжүүлэх үетэй давхцаж байгаа нь олзуурхууштай хэрэг. Түүнээс /2031 оноос / хойш бол хүн амын дунд жараас дээш насныхан нэмэгдэж, хөдөлмөрийн чадвар бүхий иргэдийн эзлэх хувь буурах магадлалтай юм. Тиймээс тэр үед хэрэглэх тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж үйлчилгээний зардлыг одоонооос хурааж хуримтлуулах талаар бодлого боловсруулах шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн амзүйн цонх нээгдсэн энэ таатай үед эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

-Яг одоогийн байдлаар манай улсад хөдөлмөр эрхлэх чадвар бүхий хичнээн иргэн байгаа вэ?

-Энэ жилийн байдлаар хүн амыг нарийвчлан тооцоолсон дүн алга байна. 2008 оны байдлаар 15-60 насны хүн ам нэг сая 65,8 мянга байсан нь хүн амын 65,8 хувийг эзэлж байгаа юм. Урьдчилсан тооцоогоор 2032 он гэхэд хоёр сая 561,3 мянгад хүрч, хүн амын дунд 60 хувийг эзлэх магадлалтай юм.

-Одоогийн байдлаар хөдөлмөрлөх чадвар бүхий иргэд нь олон байгаа ч ажлын байр нь алга байна шүү дээ. Хүн амын дунд ажилгүйдэл их байна. Үүнийгээ дагаад ядуурал ч буурахгүй байна?

-Тийм ээ. Тиймээс л хүн амзүйн цонх нээгдсэн үеийг ашиглах талаар үндэсний уулзалт зохион байгуулж байгаа юм. Хөдөлмөрийн нөөцийг бүрэн ашиглах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрийн бодлого хэрэгтэй байна. Өнгөрсөн онд манай Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 2010-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлийг боловсруулсан. Уг үндсэн чиглэлд таван салбарыг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл байхаар тодорхойлсон юм. Нэгдүгээрт мэдээж, уул уурхайн салбар. Эрдэс түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүнд аж үйлдвэрийн суурийг тавина гэж онцолсон. Энэхүү зорилтын эхний хэсэг болох Оюутолгойн гэрээ зурагдлаа. Тавантолгойн орд газрын ашиглах талаар ч ярилцаж эхлээд байна. Түүнчлэн Дархан, Сэлэнгийн сав газрын төмөрлөгийн ордыг түшиглэн металлургийн үйлдвэрийг өргөжүүлэх, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, Дорнод аймгийн Улаан цавын ордыг түшиглэн холимог металлургийн үйлдвэр байгуулах, ураны зарим орд газрыг ашиглаж эхлэх гэхчилэн уул уурхайн салбарт зорьсон санасан зүйл их байна. Удаах нь аж үйлдвэржүүлэх бодлого. 2015 он гэхэд малын гаралтай түүхий эдийг дотооддоо зуун хувь боловсруулах зорилтыг багтаасан. Харин дэд бүтцийн салбарт Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг тавих, Чойроос Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай автозам тавих, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад-Оюутолгойн авто замыг байгуулах, Мянганы замын өосоо тэнхлэгийн замыг тавьж аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох зорилт мөн багтсан. Түүнчлэн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн замыг өргөтгөж хурдны зам болгох юм. Улаанбаатар хотод тавдугаар цахилгаан станц бөрихын дээр Тавантолгой, Шивээ овоод өндөр хүчин чадлын цахилгаан станц байгуулах гэхчилэн хийх хэрэгжүүлэх ажил тун их байна. Энэ бүх бүтээн байгуулалтын ажлууд эхлэхээр манай улсад ажиллах хүчин дутна уу гэхээс илүүдэхгүй.

-Ажил олгогч нарын амнаас байнга гардаг нэг үг бол монголчууд ажил хийж чаддаггүй гэх тодорхойлолт. Цаг барихгүй, мэдлэг чадвар нь ч сул байдгаас гадаадаас ажиллах хүчин имдпортлоход хүрч байна. Ийм байдлаас гарахын тулд ямар бодого хэрэгтэй вэ?

-Тийм ээ. Энэ бол анхаарахаас аргагүй асуудал. Монгол хүн юу хийж, бүтээж чаддагийг харуулах үе яг одоо л тохиож байна гэж хэлж болно. Тиймээс мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд  анхаарч эхэлж байна. Улаанбаатар, Сайншанд, Даланзадгадын Мэргэжил сургалтын төвүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэн сургалтын баазыг бэхжүүлэх, Оюутолгойд шинээр Мэргэжил сургалтын төв байгуулах ажлыг эхлээд байгаа. Энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа байгууллага бол Мянганы сорилтын сан юм. Тус сангаас Сайншандын Мэргэжил сургалтын төвийг бэхжүүлэхэд зориулж саяхан 127 мянган ам.доллар өгсөн байх жишээтэй. Тэнд уул уурхайн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байна.

-2015 он гэдэг хаяанд сонсогдож байна. Гэтэл хийх ажил маань тун их бөгөөд ихэнх нь эхлээ ч үгүй, цөөн хэд нь л эхлэл төдий байгаа юм байна. Тэгэхээр зорилтот хугацаандаа дээрх ажлуудыг гүйцэтгэж амжих болов уу?

-Энд нэг зүйлийг онцлоход энэхүү дунд хугацааны үндсэн чиглэл одоо хүртэл батлагдаагүй байгаа юм. Тийм учраас нэн даруй Засгийн газар, УИХ-аар уг үндсэн чиглэлийг батлуулах шаардлагатай байна. Тэгэхгүй болохоор эдгээр чухал ажлууд тарамдуу, салангид байдлаар явж байна. Хүн амзүйн цонх нээгдсэнтэй уялдуулан эдийн засгийн бодлогоо хурдан тодорхойлох хэрэгтэй байна. Ингэж гэмээнэ эдийн засаг өргөжин тэлж, 2030 оноос хойшхи хүнд үеийг даван туулах боломжийг бүрдүүлэх юм.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж