Г.Занданшатар гишүүн орнуудын хуралдаанд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар гишүүн орнуудын хуралдаанд оролцов

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний дээд хэмжээний хуралдааны үеэр гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн “Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа  21 дүгээр зуунд“ сэдэвт тусгай хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцлоо.

Уг хуралдаанд Турк, Казахстан, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайланд, Афганистан, Киргизстан, Иран, Грек, Литва, Пакистан зэрэг 21 улсын төлөөлөгчид оролцож Евро-Азийн бүс нутаг болон дэлхийн нийтэд тулгарч буй аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хар тамхи, терроризм зэрэг асуудлыг хэлэлцэв.
   
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тус хуралдаанд хэлсэн үгэндээ: “Эх газрын хатуу ширүүн цаг уурыг тэсвэрлэн давж, дахин давтагдашгүй соёл, нүүдэлчдийн ахуй амьдралаараа дундад зууны тэртээх  цагт ч хол, ойрын хүмүүсийн хүсэл сонирхлыг татсаар ирсэн монголчуудын удирдагч Чингис хаан Евроазийн уудам орон зайд урьд хожид их эзэнт гүрнийг байгуулж, төрийн бодлогын түвшинд олон шашныг жигд хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, дипломат дархан эрх, өртөө шуудан, мөнгөний тогтолцоог олон улсад анх үүсгэн бий болгосон билээ. Тэрээр, биеийн хүчээр нэгийг дийлэх боловч билэг оюуны ачаар олны сэтгэл зүрхийг татна хэмээсэн нь өдгөө бид бүхний  чухалчлан зорьж буй аюулгүй байдлын асуудалд цогцоор хандахын чухлыг онцлон тэмдэглэсэн ажээ. Өөр хоорондоо тэмцэлдэж, хагас зууны туршид зэр зэвсгээр улайран өрсөлдсөөр хүн төрөлхтнийг цөмийн аймшигт сүйрлийн ирмэгт хүргэсэн нийгэм-эдийн засаг, үзэл суртлын хоёр туйлд бүх дэлхийг  талцуулан сөргөлдүүлсэн  “Хүйтэн дайны” жилүүдийн түүхэн сургамж, гашуун туршлагыг бид энэ өдрүүдэд эргэн дурсаж байна.  Урагштай хүн өөрийн алдаанаас сургамж авдаг, ухаалаг нэгэн бусдын алдаанаас санаа авдаг тухай Монгол ардын зүйр үг бий. Тиймээс, угтан ирж буй шинэ сорилтууд хийгээд Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож буй энэ мөчид та бид  XX зуунд  асар их гамшиг учруулсан дэлхийн дайнуудыг туулсан боловч энх тайвнаар эвсэн ажиллахын их итгэлийг өдгөө төрүүлж байгаа Европ тивийнхний туршлага, түүхэн сургамжаас суралцах ёстой гэж  бодож байна” гэв.  
 
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж