Төсвийн зарлагыг бууруулах ажлыг УИХ өөрөөсөө эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Төсвийн зарлагыг бууруулах ажлыг УИХ өөрөөсөө эхлүүлнэ

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн зарлагыг бууруулах даалгавартайгаар байгуулагдсан УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр УИХ-ын даргад бараалхаж, ажлын явцаа танилцууллаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийнхэн төсвийн орлогыг 160 тэрбум төгрөгөөр, зардлыг 50 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой талаар судалгаа гаргасан байна. Тухайлбал, зардлыг бууруулахын тулд төрийн албаны ажилтнуудын давхардсан орон тоог 7000-аар бууруулах бололцоотой гэж үзжээ. Энэ тохиололд цомхотголд өртсөн албан хаагчдад зургаан сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгоход төсвөөс 13.3 тэрбум төгрөг олгох шаардлага тулгарч буй ч цэвэр ашиг нь 16 тэрбум төгрөг болж үлдэх аж. Нөгөөтэйгүүр, зардлыг бууруулах бас нэг алхам нь УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтын зардал, хууль боловсруулах явцад зарцуулж байгаа хөрөнгийг танах ёстой гэж үзжээ. Нэг үгээр хэлбэл, энэ ажлыг УИХ өөрөөсөө эхлүүлж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар яам, агентлагийнхаа төвшинд мөрдөх ёстой гэж үзсэн юм байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн тайлбарласнаар бол төрийн өмчит компаниуд 2009 онд бүгд алдагдалтай ажиллажээ. Хачирхалтай нь, дээрх компаниуд 2008 онд бүгд ашигтай ажилласан дүн мэдээг гаргаж байсан нь хардлага дагуулж, шалгалтыг нягтлан хийх шаардлага бийг онцоллоо. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллахад нөлөөлсөн гол шалтгаан нь импортоор хярд гярсан өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн оруулж ирж, ашигласан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна” гэж хэлсэн юм. Энэхүү мэдээллийг сонссоны дараа УИХ-ын дарга “Төрийн өмчит компаниудыг сүүлийн үед хувчлах талаар ярьж эхлүүт санхүүгийн тайлангаа алдагдалтай гаргадаг болоод буй. Иймд энэ талын шалгалтыг нарийвчлан хийх ёстой” гэж хэлсэн юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж