“Оюу толгой” зэсийн баяжмалаа экспортолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

“Оюу толгой” зэсийн баяжмалаа экспортолж эхэллээ

-Зэсийн баяжмалаа экспортолж эхэлснээр “Оюу Толгой” компани бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжиж байна-

    
Монголын дэлхийн түвшний зэс, алтны “Оюу Толгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхэлж байна. Бүтээн байгуулалтын үе шатыг дуусгаж, аюулгүй, тогтвортой уурхайн үйл ажиллагаанд шилжиж байгааг нотолсон энэхүү анхны экспорт нь Монгол Улс болон “Оюу Толгой” компанийн хувьд хөгжлийн чухал үе болж байна.

“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл борлуулалтын гэрээг хянаж үзсэний дараа зэсийн баяжмалыг экспортод гаргах асуудлыг санал нэгтэй сайшаан дэмжсэн юм. ТУЗ зэсийн баяжмалыгэкспортлох болон баяжмалаа үргэлжлүүлэн худалдах зөвшөөрөл өгөөд байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар “Оюу Толгой” ХХК нь үйл ажиллагаа болон экспортын орлогын зохицуулалтаа ил тод, нээлттэй байлгах эрмэлзэл төгс байна.

Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ 5,800 орчим тонн юм. “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа өнөөдөр Гашуун сухайтын боомт руу хөдлөв. Үлдсэн баяжмалыг наадмын дараа хэрэглэгчдэд хүргэнэ.

“Оюу Толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей хэлэхдээ “Оюу Толгойн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүний бахархал төрж байна. Ийм аварга том үйлдвэр барьж байгуулсан нь гайхамшигтай ололт төдийгүй Монголын баяжмал үйлдвэрийн хаалганаас гарах энэ мөчийг бид бүхэн тэсэн ядан хүлээж байсан билээ. Энэ нь дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтаас дэлхийн хэмжээний зэсийн компани болон шилжиж буй анхны том алхам мөн. Энэхүү мөчийг бодит үйл хэрэг болгоход хувь нэмэр оруулсан та бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна” гэв.

Одоогийн байдлаар зэсийн баяжмалыг Оюу Толгойн ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. Далд уурхайн ажлыг гүйцэтгэх санхүүжилт бүрэн хэмжээгээр батлагдаагүй ч эхний шатны ажил хэдийнээ эхэлчихсэн байгаа.Одоо явуулж буй үйлдвэрлэл нь ашигт малтмал ашигласны төлбөр болон татварын хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт их хэмжээний орлого бүрдүүлэх юм.

Монгол Улсын хөгжилд “Оюу Толгой” ХХК эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Өнгөрсөн жил Монголын Засгийн газраас “Оюу Толгой” ХХК-ийг хамгийн олон ажлын байр шинээр бий болгосон компани, татвар төлөлтөөр хоёр дахь том компани хэмээн олон нийтэд зарласан билээ. Өмнийн говийн дэд бүтцийн хөгжилд “Оюу Толгой” ХХК ихээхэн хувь нэмэр оруулж байгаа нь тус бүс нутгийн иргэд, оршин суугчид төдийгүй уурхай тогтвортой ажиллахад чухал ач холбогдолтой юм. Ирээдүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор таван жилийн хугацаанд “Оюу Толгой” ХХК 126 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж эхлээд байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (http://ot.mn)
 
Оюу Толгой ХХК нь Монголын  хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ 2013 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байгаа Оюу Толгой нь Монголын өмнөд хэсгийн говьд оршдог. Монголын түүхэнд урьд өмнө байгаагүй том хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоод байна. Оюу Толгойн менежментийг хариуцаж байгаа Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө Монгол улсын уул уурхайн салбарт олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна. “Оюу Толгой” улсын хэмжээнд техник мэргэжлийн хөтөлбөр боловсруулж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийн бат бэх бааз суурь бүрдүүлэх эрмэлзэл дүүрэн байна.  Эдгээр хөтөлбөр үе үеийнхэн ашиг хүртэх эдийн засгийн өсөлтийг бий болгох хүчин зүйл болно. Оюу Толгой ажлын байрыг осол аюулгүй байлгаж, хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах цоо шинэ стандартыг тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж