“Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсын хөгжмийг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбат туурвиж, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар шүлгийг нь бичжээ. Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, “Pro Sound” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман нар хөгжмийн найруулга дээр нь ажиллан ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатарын удирдлагаар Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжимчид тоглон ДБЭТ-ийн их найрал дуучид, ҮДБЭЧ-ын уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал нарын 120 уран бүтээлч хамтран “Түмэн хишигтэн” симфони туульсыг амилуулан монгол түмнээ ёслол хүндэтгэлтэйгээр өргөн барьсан юм.
Нээлтийн ёслолд “Түмэн хишигтэн” компаний захирал Ш.Эрдэнэтуяа, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Pro Sound” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман, ДБЭТ-ын ерөнхий хоормейстр Н.Дашбямба болон урлаг соёлын сор болсон уран бүтээлчид болон уг төслийг ивээн тэтгэгч нар хүрэлцэн ирсэн.
“Түмэн хишигтэн” симфони туульсын нээлтэд зориулан Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэсэн “Дөрвөн тансаг” бүжгийг ҮДБЭЧ-ын бүжигчид толилуулан “Хөсөгтөн” хамтлаг “Чингисийн магтаал” хайлан, хөгжмийн зохиолч Б.Чинбатын найруулгаар ҮДБЭЧ-ын гоцлол шанзчин гурван бүсгүй “Үлгэрийн холбоо”-г эгшиглүүлэн “Түмэн хишигтэн”-г тайзнаа заллаа.
Их түүхийн эзэд болсон эгэл хүмүүн бидний хийморь бахдалын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төсөлд зориулан бүтээгдсэн “Түмэн хишигтэн” симфони туульсын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд есөн баатрын хөшөөг бэлэг дурсгалд зориулан урлажээ. “Түмэн хишигтэн” цогцолборын морьт есөн баатрын хөшөөг 33-35 сантиметр өндөртэй, хоёр килограмм жинтэйгээр урлан худалдаанд гаргах аж. Хамгийн эхний хүлэг баатрыг ивээн тэтгэгч болон хандив өргөсөн 84-р дүгээр сургуулийн захирал С.Мартад нээлтийн ёслолын үеэр гардуулан өглөө.
“Түмэн хишигтэн” хэмээх симфони туульс эгшиглэсний дараа уг хөгжмийг бичсэн Б.Чинбат “Түмэн хишигтэн” бүтээлийн хөгжмийн баринтагласан нотоо ҮДБЭЧ-ын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатарт албан ёсоор хүлээлгэн өгсөнөөр тэд Их Хааны түүхийг өгүүлэх шинэ бүтээлээр уран сангаа баяжууллаа.
“Түмэн хишигтэн” хэмээх симфони туульс "CD" бэлэн болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн 20 мянган төгрөгөөр худалдаанд гарч байгаа аж. Есөн хүлэг баатрыг айл гэр, албан байгуулагын хойморьт бэлэгдэл болгон залахаар худалдаанд гаргаж байгаа бөгөөд тэрхүү сувинер, “Түмэн хишигтэн” цомгийг Баянгол зочид буудлаар дамжуулан худалдаалах нь ээ.
Нээлтийн ёслолын гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.