"Asiana Airlines" компанийн "Boeing 777" онгоцны сүйрлийг муу ёрын тоо дагалдлаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлээр бичлээ. Сөүл – Сан Франциско чиглэлийн 214 дүгээр нислэгийн "Boeing 777" онгоц сүйрч, хоёр хүн амиа алдан, 180 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 10 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Энэ осолтой долоогийн тоо холбогдож буйг анх жиргээчид онцолж, түүнийг нь хэвлэлүүд бичих болжээ.
"Долдугаар сарын (7 долоо дахь сар) 7-нд "Boeing 777" онгоцонд Өмнөд Солонгосын 77 иргэн явжээ. Мөн онгоцонд Хятад, Японы 142 зорчигч (1, 4, 2 гэсэн тоонуудын нийлбэр нь долоо), Америкийн 61 иргэн (хоёр тооны нийлбэр нь бас долоо) мөн багийн 16 гишүүн (хоёр тооны нийлбэр нь мөн л долоо) байсныг дээрх байдлаар тайлан бичсэн байна.
Өмнөд Солонгосын "Чунан Ильбо" сонин үүн дээр нэмж, нислэгийн дугаарын нийлбэр долоо болж байгааг ч бичжээ. Түүнчлэн агаарын хөлгийг 43 настай Ли Кан Гук газардуулсныг бас л 4 + 3 хэмээн тайлсан байна.
Осолдсон онгоцны “хар хайрцаг” бараг гэмтээгүй бөгөөд бичлэгийг Вашингтоны лабораторид шинжилж байгаа юм. Урьдчилсан мэдээллээр бол бичлэгийг бүрэн уншиж дууссаны дараа дэлхийн хамгийн найдвартай онгоцны нэг цаг агаарын таатай нөхцөлд яагаад осолдох болсныг илүү тодорхой олж тогтоох болно.
"Одоогоор "Boeing" онгоцоор буулт хийхдээ байх ёстой хурдаас хэтэрхий удаан орж ирсэн нь тогтоогдоод байна. "Буулт хийх заагдсан хурд нь 138-7 узл буюу 250 км/цаг байв. Буулт ердийн дэглэмийн дагуу болж, доошлох үед ямар нэгэн саатал онгоцонд гараагүй. Гэтэл газарт буухын өмнөхөн багийн нэг гишүүн "хурдаа нэмэх"-ийг анхааруулсан. Ингээд дөрвөн секундын дараа онгоц хазайж, унаж магадгүй гэсэн дохио өгсөн. Ингээд онгоц газарт унахаас өмнө хагас секундын өмнө нислэгийн багийнханд дахин нэг тойрог хийх сануулга ирсэн” гэж Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн дарга Дебора Херсман сэтгүүлчдэд мэдээлжээ. "Эдгээр мэдээллийг нислэгийн ярианы бичлэгээс олж мэдсэн" гэж хатагтай нэмж хэлсэн байна.
NBC телевиз осолдсон онгоцны багийнхан диспетчертай ярилцаж байгаа яриаг олон нийтэд харуулжээ. Тэндээс харахад, буултын үеэр ямар нэгэн түгшүүр төрүүлэхээр дохио онгоцноос ирээгүй байна.
-Нисгэгч: Бидэнд асуудал гарлаа.
-Диспетчерийн цамхаг: 214, яаралтай албаныхан газар руу гарлаа
-Нисгэгч: Сайн байна, би чадахгүй нь ээ… гээд нисгэгчийн яриа тасалдаж эхэлжээ. Үүний дараа нисэх буудал хаагдсан байв. Минут гаруйн дараа гал сөнөөгчид болон аврагчид хэргийн газарт хүрчээ.
"Asiana Airlines" нислэгийн компанийн эхний мэдээлэлд нисгэгч нарыг 10 мянга гаруй цагийн нислэгийн туршлагатай гэсэн юм. Гэтэл ням гаригт зарим хэвлэлээр бичихдээ, онгоцны ахмадын суудалд сууж байсан нисгэгч Ли Кан Гук ийм маркийн "Boeing 777″ онгоцоор дөнгөж 43 цагийн нислэг хийсэн. Мөн тэрээр Сан-Францискогийн нисэх буудалд анхны буултаа хийсэн" гэх мэдээллийг гаргаж эхэлжээ. Одоогоор нисгэгч нараас мөрдөн байцаагчид мэдүүлэг авч эхлээд байгаа аж.
Амиа алдсан хоёр хүний нэг нь нисэхийн ослоор биш харин машины ослоор үрэгдсэн гэх таамаг гарч иржээ. Ослын газарт очсон түргэний машин тэр эмэгтэйг дайрсан гэх сэжиг аврагч нарт төрсөн бөгөөд үүнийг задлан шинжилгээр тогтоох гэнэ.
Осолд нэрвэгдсэн дал гаруй хүн одоогоор эмнэлгээс гараад байна. Харин зургаан хүний биеийн байдал хүнд хэвээр байгаа аж. Олон хүн нугас нуруундаа гэмтэл авсан учраас тэдний эмчилгээ хугацаа шаардана гэж эмч нар хэлжээ.
Нисэх буудалд буултын автомат Glide Path системийг салгасан хэрэг мөрдөн байцаалтын сонирхох зүйлийн нэг болж байна. Уг систем нь бодит хугацаанд нислэгийн бүх хэм хэмжээг нисгэгч нарт дамжуулж байдаг. АНУ-ын Иргэний агаарын тээврийн холбооны албаны мэдээгээр уг системийг зуны саруудын урсгал төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 1-нээс ажиллагаанаас салгасан байна.
Цаг агаар сайн нөхцөлд, Glide Path систем нь орчин үеийн онгоцнуудад буулт хийхэд нь ашиглагдах албагүй гэж шинжээчид хэлж байна. Тэдний яриагаар онгоцны буулт буруу хийгдэж буйг мэдэх олон багаж төхөөрөмж нисгэгч нарын мэдэлд байжээ.