“Royal Caribbean International” компанийн бүтээсэн 360 метр урт, 72 метр өндөр, 65 метр өргөн, 16 давхар, 225 тонн жинтэй дэлхийн хамгийн том усан онгоц анхныхаа аялалд гарчээ. “Oasis of the Seas” буюу “Тэнгисийн баян бүрд” нэртэй энэхүү тансаг зэрэглэлийн аварга том хөлөг онгоцыг бүтээхийн тулд 8000 хүн бүтэн жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд аравдугаар сарын 28-нд хөлөг онгоц аялалд гарахад бэлэн болжээ. Харин үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу өнгөрөгч баасан гаригт Финландаас хөдөлж, АНУ-ын Флорида мужийн Форт-Лодердейл хотын “Эверглейдс” боомтын зүг хөлгийн жолоо залсан байна. Балтын тэнгисийг гатлах замдаа “Oasis of the Seas” хөлөг онгоц Данийн алдарт “Great Belt” гүүрэн доогуур гарсан бөгөөд ердөө 0.6 метрийн зайтай зөрсөн гэнэ. Дэлхийд алдартай “Queen Mary II” хөлөг онгоцоос даруй 1.5 дахин том энэ аварга хөлөг онгоц 2700 кабинтай бөгөөд 6300 зорчигчийг нэг дор тээвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн хөлөг онгоцны багийн 2100 гишүүн ажиллах ажээ. Зорчигчдод зориулсан 150 м2 талбай бүхий тагт, 24 лифт, 750 хүний суудалтай задгай театр, мини гольфын талбай, фитнессийн танхим, цэцэрлэгт хүрээлэн, дөрвөн усан сан, волейбол болон сагсан бөмбөгийн талбай, залуучуудад зориулсан цогцолбор болон хүүхэд багачуудыг асрах байгууламжтай юм. Төв цэцэрлэгт хүрээлэн нь 12175 зүйлийн ургамал бүхий далай дээрх хамгийн том амьд цэцэрлэг ажээ.
“Oasis of the Seas” хөлөг онгоц жилийн туршид далайд аялах бөгөөд анхны зорчигчдоо ирэх арванхоёрдугаар сарын 1-нд хүлээн авах гэнэ.
2009.11.02