Хоригийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Хоригийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү төслийг УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх болоход УИХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авсан юм. Ингэхдээ дээрх төслийн хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагваас зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж тус бүлэг үзсэн байв. Харин цөөнхийн бүлэг Шадар сайдаас асуудлыг тодруулснаар завсарлагын хугацаа дуусч ийнхүү чуулганаар төслийг хэлэлцэж эхлээд байна.

УИХ-аас баталсан дээрх хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар шалтгаанаар хориг тавьсан талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж асуулт тавив. Тэрээр “Үндэсний их баяр наамдын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хоёр зүйлийг бодож хийсэн. Нэг талаас Монголын үндэсний баяр наадмыг өнгөлж явах цол алга болчихгүй байгаасай гэх хэсэг байгаа. Нөгөө нэг хэсэг нь үндэсний бөхөөрөө хар багаасаа барилдаж өрсөлдөөн өндөр төвшинд гарсан. Тийм учраас бөхчүүдээ өндөр цолонд хүрэх боломжоор хангагдаж, аварга болох боломж нь харагдаж байгаасай гэж үзсэн агуулгаар төсөлд заалт оруулсан. Гэвч Ерөнхийлөгч хориг тавилаа. Уламжлалын тухай асуудалд олон нийт шүүмжлээгүй, хүсэн хүлээдэг зүйл. Бөхийн холбоо энэ асуудлаар байр сууриа хангалттай илэрхийлсэн, яриа хөөрөө хийсэн. Хэвлэлээр гарахдаа мушгин гуйвуулсан.  Ер нь Монгол бөхөө өрсөлдөөнтэй байлгахын төлөө байдаггүй Бөхийн холбоонд гайхаж байна. Энэ бүхнийг харгалзаж үзсэн үү” гэлээ.

Зөвлөх Ч.Өнөрбаяр “УИХ хуулийг батлан гаргахын өмнө төслийг иргэдээр хэлэлцүүлэх ёстой байсан. Мэргэжлийн байгууллагуудын саналыг албан ёсоор авах ёстой байсан, энэ асуудал багтаагүй. Нөгөө талаас хуулийг нэг, хоёр заалтаар өөрчлөх бус илүү өргөн хүрээнд авч үзэх ёстой. Хуулийг хэлэлцэх явцад гишүүд энэ асуудлыг хуульчлах шаардлагатай юу, үгүй юу гэдэг дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн байдаг. Тиймээс олон зүйлийг харгалзан үзэж бүхэлд нь хориг тавьсан” гэлээ.

Түүнчлэн төсөл санаачлагч гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Б.Болор Монгол бөхийн холбоонд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр гэх үгийг яагаад авч хаяв. Шадар сайд Д.Тэрбишдагваас тодруулахад “Улсын баяр наадмын комиссын хуралдаанаас Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр гэж батлаад явуулсан ч дээрээс энэ үгийг шууд хассан” гэдэг тайлбар хийж байна. Ингэж түүхээ үгүйсгэж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Харин УИХ-ын дарга З.Энхболд зөвхөн хоригтой холбоотой асуудлыг ярих ёстой гэж анхааруулав.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүс Ардын хувьсгал гэдэг үгийг зориуд авч хаялаа. Хуулиа хүчингүй болгочихвол яасан юм. Монголын эрх баригчид тусгаар тогтнолоо өөрсдийнхөө гараар устгаж байгаа юм байна.

Харьд 200 жил дарлагдсан орныг 1921 онд гадаадын дарангуйллаас салгаж тусгаар тогтнолоо баталгаажуулсан байхад яагаад энэ түүхийг баллуурдах оролдлогыг хийж эхлэв. Улсынхаа тусгаар тогтнолыг үгүй хийж байж, юу хийсэн дархан аварга. Монголын тусгаар тогтнолыг ингэж үгүйсгэж эхэлж байгаа бол яс үзнэ шүү. Монголын ард түмэн та бүхэнтэй яс үзнэ” гэж чуулганы нэгдсэн хуралдаан нэг үе ширүүслээ.

Хуралдаан үргэлжилж байна.
 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж