Тахилгын ёслол дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Тахилгын ёслол дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛЫН ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ

Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрханы төрийн тахилгын ёслолд газар газраас хүрэлцэн ирж, хуран цугласан Та бүхнийхээ түмэн амгаланг айлтган мэндчилье. Өнөөдрийн энэ өлзий бэлгэт өдрийг товлон байж, монголын төр, монгол түмэн эх болсон байгаль дэлхийдээ, говь нутгийн ээлт шүтээн Говь гурван сайхан ууландаа хүндэтгэл үзүүлж, Их тахилгат хайрханыхаа тэнгэрийг баясган тайх төрийн тахилга ёсыг үйлдэж байна.

Энэ бол хөрст дэлхийдээ оршиж, хөх тэнгэртээ сүслэж ирсэн босоо заяат Монгол түмний бахархалт сайхан уламжлал билээ. Байгаль эхээ хайрлах бодлого ухааны илэрхийлэл. Нүүдэлч түмний сэтгэмжийн нэн содон заншил соёл юм. 

Энэхүү агуу соёл, ёс заншлыг, өвөг дээдэс минь үүсгэн бүтээж, үеийн үедээ өвлүүлэн уламжлуулсаар иржээ. Дээлтэй өвгөдийнхөө өвлүүлсэн, дэлхийд содон энэ уламжлалт ёсыг түүхийн алсрал, цагийн догшролд алдахгүй авч ирсэн ард түмэндээ, говьчууд та бүхэндээ түмэнтээ талархал илэрхийлье. 

Өнөөдрийн энэ сайхан үйлийн санаачлагч эзэд нь чухамдаа говьчууд Та бүхэн минь юм. Учир нь өнөр баян Монгол орны минь өмнө зүгийн уулсын манлай Говь гурван сайхан уулаа төрийн тахилгатай болгох хүсэл сэтгэл, шийдвэр айлтгалаа Өмнөговьчууд төрдөө уламжилсан. Иргэд та бүхний итгэл сүсэг, санал санаачилгыг талархан дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч онд анх удаа Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан билээ. 

Энэ бол иргэн таны санал санаачлага, ард түмний хүсэл эрмэлзэл төрийн шийдвэр болж буйн илрэл. Иргэдийн оролцоот ардчилсан төр бол ард түмний хүсэл зоригийн илэрхийллийн баталгаа мөн. Ардчиллыг сонгон, ардчиллыг хөгжүүлж  ирсэн, санасан хэрэг, зорьсон үйлсийг маань ивээн таалсан говьчууд Та бүхэндээ Их тахилгат хайрханы энэ өндрөөс талархал, хүндэтгэлээ дахин илэрхийлье. 

Эрхэм хүндэт иргэд ээ,

Говь нутаг эдүгээ ангамал зэлүүд газар биш улс орны хөгжил дэвшил, хүн ардын амьдрал цэцэглэсэн, ажил хөдөлмөр өрнөсөн их үйлсийн талбар, бүтээн байгуулалтын уриа дуудлага болж байна.

Монголын говь онгон, ганган байгаль, нэн ховор амьтан ургамал, газрын хэвлийн эрдэс баялгаараа төдийгүй их бүтээн байгуулалтаараа, их хөрөнгө оруулалтаараа, эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө энэ дэлхийд Монголын нэрийн хуудас болж байна.

Энд манай гарагийн арван том уурхайн нэг болох Оюутолгой нь ил, далд уурхай, баяжуулах үйлдвэр босож байна. Энд асар их илчлэгтэй Таван толгойн нүүрсний уурхай ажлаа эхэлж байна. Хэдэн зууны туршид анир гүн байсан Монголын их говьд шинэ зууны хөгжил дэвшил эрчимтэй ирж байна. Дэлхийн шилдэг технологи, техникийн ололт, говьчуудын өдөр дутмын хэрэглээ болох цаг ойртлоо.  
Үүний зэрэгцээ эрт галавын тэртээ энэ нутгийг эзэгнэж байсан Батаар эх орноо дэлхийд таниулаад эргэж ирлээ. Энэ бүхэн говьчуудын төдийгүй нийт Монголчуудын бахархал.

Энэ бол говь нутгийн төдийгүй Монгол Улсын хөгжлийн сайхан ирээдүй мөн. Гэхдээ бид гэрэл дагаж сүүдэр байдаг шиг хөгжил дагасан сөрөг үзэгдэл байдгийг мартаж болохгүй. Уршиг хорыг нь урьдаас танин мэдэж асуудал бэрхшээлийг эерэгээр шийдвэрлэх арга замаа тодорхойлж байх учиртай. Энэ талаар та бидэнд эргэцүүлж бодох ухаарал, хийж гүйцэтгэх ажил, нэн даруй шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. 

Уул уурхай дагасан хөгжлийн сүүдэр нэн түрүүнд байгаль экологид учруулах хор хөнөөлөөр илэрч байна. Хөрсний эвдрэл, ус, бэлчээрийн хомсдол, ховор амьтан ургамлын төрөл зүйл, тоо толгойн хорогдол, байгаль экологийн бохирдол зэрэг сэтгэл зовоосон асуудал бишгүй олон байна. Энэ талаар бид багагүй ярьсан. Бид одоо бодитой, сайн ажил хийх хэрэгтэй, байгалиа сэргээх, тордох хэрэгтэй байна. Ингэхдээ бид уламжлалт арга ухаантайгаа, орчин цагийн шинжлэх ухааны ололт технологийг хослуулан төрийн даацтай бодлогоор, түмэн олны идэвхтэй оролцоотойгоор хийх хэрэгтэй. 

Байгальд хоргүй технологиор, экологид ээлтэй аргаар газрын баялгийг олборлож болноо. Өдгөө УИХ, Засгийн газар бодлогоо нэгтгэн тодорхойлоод ажиллаж эхэлж байна. Эдийн засгийн хувьд хичнээн ашигтай ч байгаль орчинд нөлөөлөх хор уршиг нь их бол, хохирол хөнөөл нь шийдвэрлэх боломжгүй бол тийм төслийг зогсоох ёстой. Нөхөн сэргээлтийн асуудлыг шийдсэн байх ёстой гэсэн бодлогыг тууштай баримтлах болно. Энэ бол эдийн засгийн салбар дахь ногоон хөгжлийн бодлогын үндсэн зарчим. 

Энд иргэдийн оролцоо зүтгэл, хамтын хөдөлмөр нэн чухал. Иргэний нийгэм, төрийн бус байгуулагуудын үүрэг ч их. Түүнийг төрийн зүгээс бүхий л талаар дэмжиж урамшуулна. Энэ бол ногоон хөгжлийн бодлогын нийгэм хүмүүнлэгийн зарчим болой. Байгаль хамгаалах уламжлалт ёс заншлыг сэргээн хөгжүүлэх нь ногоон хөгжлийн бодлогын салшгүй нэг хэсэг мөн. Өнөөдрийн энэ тахилгын ёслол бол төрийн энэхүү бодлогын илрэл юм.

Говь гурван сайхан уулын Их тахилгат овоог төрийн тахилгатай болгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар хуучны “Хошуу овоо” маань "Улсын овоо", төр ёсны хүндэтгэлт овоо боллоо. Төрийн энэ шийдвэрийг, өнөөдрийн энэ ёслол хүндэтгэлийг, өргөн олон Та бүхний сэтгэл сүсгийг Сайхан уулын тэнгэр төдийгүй садан төрөл, нөхөр сэлт болох Арц богд, Ахар хурмаст, Аргалант, Зурамт, Хан уул, Ханын хэц, Хачиг, Хорх, Ноён, Сэврэй, Номгон, Зөөлөн, Буур, Булган, Баянцагааны салбар уулс хийгээд горхи булаг, гол, нуур, рашаан, усны эзэд, лус савдаг цөм таалан баясаж байгаа биз ээ. 

Байгаль дэлхийнхээ онгод тэнгэрийг баясгаж, буян хишиг, ивээл тусыг нь хүртэж ирсэн эртний сайхан заншил ёсоо ийнхүү сэргээснээр эх байгаль, газар шороогоо хайрлан хамгаалах гэсэн хүн ардынхаа сэтгэл сүсгийг хөглөж, буян заяа, хийморь сүлдийг нь бадрааж, хийж бүтээх эрч хүчийг хөгжөөхөд энэхүү тахилгын утга учир нь оршин буй билээ. 

Монгол нутагт ардчиллын хур бууж, бүтээн байгуулалтын их үйлс өрнөж байгаа шиг Говь нутагт тэнгэрийн хур бууж, газрын хээл гүйцэж, нуур ус тогтож, ургамал цэцэгс дэлгэрч, будаа тариа арвидан, ан амьтан, араатан жигүүртэн, мал сүрэг өсөн үржиж, хүн ардын амгалан жаргалан ирэх болтугай.  

Ард иргэдээ, Өмнөговьчуудаа, 

Уул усны тахилга залгаад удахгүй Монгол түмний манлайн баясгалан үндэсний их баяр наадам болно. Баяр наадмаа их бүтээн байгуулалт, өрнүүн их ажил үйлсээр угтаж буй Өмнөговьчууд болон энэ сайхан нутагт ажил хөдөлмөр эрхэлж байгаа дотоод, гадаадын бүх хүмүүст гүн талархал илэрхийлье. 

Гурван сайхан уулын Их тахилгат хайрханы тэнгэр ивээж говьчууд, бүтээн байгуулагчид Та бүхний аман хишгийг арвитган, ажил үйлсийг тэтгэн, хийморь золбоог бадраан, хишиг буяныг дэлгэрүүлэх болтугай. Та бүхэндээ өргөн дэлгэр сайхан наадахын өлзий ерөөлийг дэвшүүлье.

 
Хурай Хурай Хурай 

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж