Холливууд явах найруулагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Холливууд явах найруулагч тодорлоо

“Дэлгэцийн урлагаа дэлхийн төвшинд гаргая” уриан доор хоёр сар гаруй хугацаанд авъяас чадвараараа өрсөлдсөн “Ticket to Hollywood” реалити шоуны ялагч тодорлоо. АСА циркэд болсон энэ шоуны эцсийн шатны шүүлтээс “А-artist” продакшны найруулагч T.Алтантуяа шалгарч Холливууд зорчих тасалбараа гардан аваад байна. Долдугаар сарын дундуур холын Холливуудыг зорихоор болсон түүнтэй баярын сэтгэдлийг нь хуваалцан цөөн хором ярилцлаа.

-Юуны түрүүнд танд ялагч болж, Холливууд явах тасалбарын эзэн болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Ямар ч байсан энэ удаагийн тэмцээн маш шударга болсон гэдгийг зориуд хэлмээр байна. Өөрөө түрүүлсэн болохоор шударга боллоо гэж хэлж байгаа юм биш л дээ. Ер нь бол бүх номинаци, шүүлтүүд шударга, тэнцвэртэй байсан гэж бодож байгаа. Монголд маш хэрэгтэй уралдаан, тэмцээн учраас анхных нь шударга болсон нь дараа, дараагийн оролцох хүмүүст зам нээгдэж байна гэсэн үг юм.

-Эцсийн шат хүртэл явахад хэн таны хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?
-Мэдээж, хүн болгоны зорилго өөр байдаг. Энэ уралдаанд 16 баг өрсөлдсөн. Манай Монголд зөндөө томоохон студи, продакшнууд байдаг. Тэр бүхнээс оролцож, илүү өргөн хүрээг хамарч чадаагүй учраас тэр миний өрсөлдөгч байлаа гэж хэлмээргүй байна л даа. Миний зорилго бол илүү сайн юм хийж байгаа тэр хүмүүстэй л өрсөлдөх.

-Энэ шоунд оролцсоноор таны ажилд ямар өөрчлөлт орж, яаж нөлөөлсөн бэ?
-Би хувь хүний хувьд энэ тэмцээний ач холбогдлыг маш өндрөөр үнэлж байгаа. Яагаад вэ гэхээр би өөрөө өөртөө хөгжиж байна гэдэг бол маш том дэвшил. Тэгээд бас багийнхны маань хувьд ахиц дэвшил гарч байна. Юмыг хурдан хугацаанд сэтгэн бодох чадвар дээшилж,  бусадтай харьцуулах харьцуулалт нэлээд олон шалгуураар өндөрссөн. Энэ бүгдийг тооцсон ч гэсэн энэ тэмцээн өндөр ач холбогдолтой. Ер нь бол томоохон компаниудаас хамтран ажиллах саналууд ирж, эхнээсээ гэрээ хийж байгаа. Хүн мэргэжилдээ дурлаад, өвчлөөд ирэхээр цаашаа юу хийх вэ, ямар юм сэдэх вэ гээд л ургуулан бодож гоё, гоё санаануудыг олж байдаг. Миний хувьд ч гэсэн хамгийн гол нь энэ уралдааны өгөгдөж байгаа сэдвүүд нь олон төрлийн, жишээ нь бизнесийн ач холбогдолтой, реклам яаж хийдэг вэ  гэх зэрэг олон сэдэвтэй байсан учраас бид нар түүн дээр илүү их нээлттэй болсон.

-Мэргэжлийн хүмүүсээс шүүмжлэл авахад ямар санагдаж байсан бэ?
-Мэдээж, хүн дандаа магтуулаад байна гэдэг бол худлаа. Ямар ч сайн бүтээлд заавал өө сэв байдаг. Гэхдээ бид нарын ажил бол маш олон зүйлээс шалтгаалж байдаг, цогц урлаг шүү дээ. Зүгээр яг хувь хүн биеэ даагаад өөрийгөө хариуцаад явчихдаг юм биш. Жишээ нь, зохиол маш сайн байх ёстой, миний зохиолыг зураглаач, эвлүүлэгч сайн ойлгосон байх ёстой, жүжигчид бүрэн гүйцэд ойлгох хэрэгтэй, тэгээд тухайн үеийн бүх юмнууд яг цогцоороо бүгд 100 хувь байж миний санаа 100 хувь гарна. Мөн би санаагаа 100 хувь гаргачихсан ч гэсэн цаад хүмүүс ойлгохгүй тохиолдол байдаг. Энэ уралдаанд хоёроос гурван тийм бүтээл байсан. Ер нь санаа нь зөв ч бүрэн гүйцэд ойлгоогүй, хоёр, гурван удаа үзэхээр “аан, энэ дүрсээр ийм юм илэрхийлэх гээд байсан байна” гэдэг ч юм уу. Тэгэхээр шүүмжлэл байх нь мэдээж зүйтэй. Би ч гэсэн уран бүтээлээ хийж байхдаа энэ дээр ийм юм хийх байж, энэ арай дутуу болж гээд л өөрөө өөрийгөө шүүмжилж л байдаг.
 
-Шүүгчдийн шүүлт ямар санагдаж байсан бэ? Хэр бодитой байсан бэ?

-Хамгийн сүүлийн шатны шүүлтэн дээр таван шүүгч ажилласан. Ерөнхий шүүгч Холливуудын найруулагч, зохиолч Патрик Макманус, сэтгэлгээний тал дээр “Монгол кино нэгдэл”-ийн захирал Ж.Солонго, зураглал дээр СТА, зураглаач Г.Маш гуай мөн дээр нь “On and Off” продакшны  захирал С.Ононбат, “G-entertainment”-ын захирал Н.Ганболд гээд таван шүүгч суусан. Өөрийнхөө бодлоос хуваалцвал, иймэрхүү тэмцээн уралдааныг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгохдоо яг энэ дэлгэцийн урлагаар маш олон жил бие дааж, хүнд хэцүү бүхнийг туулж явсан тэр хүмүүсийг шүүгч болгох нь хамгийн зөв юм байна гэж бодсон. Жишээ нь, “On and Off” продакшны Ононбат ах гэхэд л Монголд үүсэн бий болсон студи, продакшнуудын анхдагчдын нэг. Тэд нар маань залуу хүмүүс ямар мөрөөдөлтэй байдаг вэ, энэ мөрөөдлөөрөө юм хийхэд ямар хүндрэл бэрхшээл учирдаг вэ гээд л  өөрсдөө хөдөлмөрлөсний үр дүнд ийм олон жил оршин тогтноод өөрсдийнхөө орон зайг үүсгэж чадсан үнэхээр мундаг, мэргэжилдээ хайртай, дуртай, хамгийн гол нь шударга хүмүүс. Хүн юм хийж байвал тэрийг нь дэмжиж чаддаг, болохгүй бол хэлж чаддаг ийм хүмүүс учраас оноолт шүүлтэн дээр маш шударга байж чадсан гэж би хувьдаа үнэлсэн. Дээрээс нь ерөнхий шүүгч нь Холливуудаас ирсэн хүн учраас энд монголчуудын сэтгэл зүйн онцлог, найруулга, ур чадвар, багын үйл ажиллагаа, тоглолт, жүжигчидтэй яаж ажиллах вэ гээд бүх юмыг цогцоор нь хараад яг хөндлөнгийн нүдээр зөв дүгнэх тэр боломж нь байсан гэж бодож байгаа. Цаашдаа ийм байвал зөв байх.

-Энэ уралдаант шоу жил бүр уламжлал болон зохиогдож байхаар болж байгаа. Дараа, дараагийн уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Ер нь энэ уралдаанд дөнгөж сургуулиа төгсөөд орж байгаа олон студи, продакшнууд орсон. Тэд нар ч гэсэн энэ бол маш зөв зүйтэй уралдаан юм. Манайд дэлгэцийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр болж байгаа. Мөн үүнд телевизүүд сэтгэл гарган оролцох хэрэгтэй болов уу. Өөрсдийн уран бүтээлчдээ оролцуулах хэрэгтэй. Энэ бол телевизүүдийн үүрэг. Түүнээс биш зөвхөн өнөөдрийн эфир болохгүй байна, үүнийг л хийх ёстой гээд энэ уралдааны ач холбогдлыг ойлгохгүй хэт амиа бодон, аминч байдал гаргахаа болих хэрэгтэй байхгүй юу. Телевизүүд ийм байдал гаргаж байгаа санагдсан. Яагаад гэвэл хүмүүсээ оролцуулаагүй, оролцсон хүмүүсээ янз бүрээр хавчих юм ажиглагдаж байна гэсэн. Энэ бол маш буруу. Монголд өнөөдөр дэлхийн бусад оронд  байхгүй олон телевиз ажилладаг, гэтэл чанартай ажиллаж чадаж байгаа нь хуруу дарам. Цөөхөн нь өөрсдийн үйл ажиллагаагаа зөвөөр удирдан авч явж байгаа. Хамгийн гол нь дэлгэцийн урлагт боловсон хүчин, хүн байдаг. Үнэтэй сүүлийн үеийн камер, тоног, төхөөрөмжийг аваад л ирнэ. Түүнийг ажиллуулж байгаа, бодож, санаагаа олж байгаа, хөдөлгөж байгаа боловсон хүчин хүнээ л маш сайн бэлтгэх хэрэгтэй. Дараа дараагийн уралдаанд өргөнөөр оролцуулах байх гэж найдаж байна.

-Холливуудад очоод хамгийн түрүүнд юуг нь үзэхийг хүсч байна вэ?

-Монголын бүх л уран бүтээлчдийн мөрөөдөл бол Холливууд байдаг. Холливуудад албан ёсоор явсан найруулагч Монголоос байхгүй байгаа. Тэгэхээр  энэ бол маш том аз. Холливуудад очоод тэнд дэлгэц, кино урлаг ямар үе шаттайгаар явагдаж байна вэ, ямар ажиллагаануудын цогц болж, бүтээл гарч байна вэ гэдэг талаар мэдээлэл авахыг хүсч байгаа. Мөн манай Монголын урлаг яг хаана нь болохгүй байгаад байгаа юм бол, бид нар заримыг нь хамтатгаад, заримыг нь алгасчихдаг хүмүүс шүү дээ. Тийм болохоор өөрийн биеэр очиж харан судлах, хүмүүстэй холбоо тогтоохыг хүсэж байгаа.

-Танд бие даан кино хийх төлөвлөгөө байгаа юу?
-Байгаа. Одоогоор маш гоё зохиол биччихсэн байгаа. Тэр зохиолоороо кино хийхийг хүсэж байгаа. Энэ бол манай “A-Artist” продакшны захирал, жүжигчин Р.Анхням бид хоёрын нэлээн олон жилийн мөрөөдөл юм. Мөрөөдлөө биелүүлэхээр бид шургуу ажиллаж байгаа. Танай сайтыг маш олон боловсрол, чадвартай хүмүүс орж үздэг. Тэр хүмүүст хандаад хэлэхэд бид хоёрт маш гоё зохиол байгаа шүү. Энэ зохиол дээрээ бизнесийн олон сайхан санааг гаргах гэж байгаа болохоор хамтарч ажиллахад нээлттэй шүү гэж хэлмээр байна.

-Холливууд руу хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байгаа вэ?
-Одоохондоо багаасаа би л явна. Гэхдээ манай багийнхан явахыг маш их хүсч байгаа л даа /инээв/ Энэ уралдааныг зохиосон “X-entertainment”–хан бид нартай адилхан залуу хүмүүс. Ийм зоригтойгоор энэ уралдааныг хийж, бүгдэнд нь адилхан боломж олгосон тус залуус шинэлэг бөгөөд зоригтой алхмыг Монголд хийж чадсан. Дээрээс нь Холливуудын найруулагч Патрик Макманус байна. Хаа холын орноос ирж энэ уралдаанд ерөнхий шүүгчээр ажиллан Монголын найруулагч нарт ийм том боломж олгоно гэдэг бол үнэхээр бахархалтай. Мэдээж олон хүнийг Холливууд руу авч явахыг хүсч байгаа ч зардал мөнгө, Америкийн виз манайд ямар хэцүү байгаа билээ. Мөн энэ уралдааныг дэмжин Америк явах визний асуудлыг шийдэж өгсөн ноён элчин сайдад баярлаж байгаа. Цааш, цаашдаа олон хүн явах байх аа. Бас багийнхандаа баярлаж байна. Найруулагч Агар, зураглаач эвлүүлэгч Тэмүүлэн, зураглаач эвлүүлэгч Мөнхбат, манай зохиомж, уран бүтээлд тоглосон бүх хүүхдүүд, уран бүтээлчид, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар болон түүний гэр бүл, “АСА” групп, бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.

-Холливуудад очоод аяны богц дүүрэн ирээрэй. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа. News.mn сайтынхан энэ уралдаанд ач холбогдол өгөн сэтгэл зүрхээрээ дэмжиж бүх яриа, уралдаан, шүүлтийн талаар мэдээлэл өгч байсанд баярлалаа. News.mn сайт бол миний хамгийн орох дуртай сайт. Цаашид танайхтай хамтран ажиллаж, Холливуудын аяллынхаа талаар мэдээгээ хамгийн түрүүнд танайд өгнө гэж амлаж байна. Мөн “X-entertainment”–хан хамт явж, аяллыг дүрсжүүлнэ. Шинэ мэдээ, мэдээлэлтэй эргээд уулзъя. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж