Байрны үнээ нэмсэн компаниудтай ярилцахыг үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Байрны үнээ нэмсэн компаниудтай ярилцахыг үүрэг болголоо

Засгийн газрын сайдууд даваа гариг бүр сэтгүүлчидтэй хийдэг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт боллоо. Энэ уулзалтаар Засгийн газрын хийж, гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын талаар хариуцаж буй сайд нар нээлттэй мэдээлэл өгдөг уламжлалтай.

Хоёр дахь удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар зам засвар болон “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар ярилцлаа. Тодруулбал, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын 59 км-ийн газар шорооны ажил хийгдсэн нь нийт ажлын  26,93 хувь юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос дөрвөн хувиар өссөн үзүүлэлт гэж  Зам, тээврийн сайд  А.Гансүх хэллээ.  Мөн Улаанбаатар-Баянхонгорын замын ажил дуусч, тэмдэг тэмдэглэгээ хийсний дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон гэлээ. Дорноговь аймгийн Сайншандын зам есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орно. Дундговь аймгийн зам 10 дугаар сарын нэгэнд дуусч, бусад нь ирэх арваннэгдүгээр сард багтаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн гэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Гудамж” төслийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Дарь-Эхийн болон АПУ ХК-ийн арын уулзварыг ашиглалтад оруулсан тухай мэдээлээд “Хурдны зам” төслийн ажлын шавыг наадмын дараа тавина гэлээ. 

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн 15 мянга гаруй хүн орон сууцны урт хугацааны зээлд хамрагдаад байгаа тухай мэдээллээ. Иргэдийн орон сууцны  зээлд хамрагдах нөхцөл сайжирснаас  “Жигүүр гранд”, “Экоконстракшн”  зэрэг зарим   компани орон сууцны үнээ нэмсэн байсныг дуулгасан. Ерөнхий сайд Засгийн газраас орон сууцны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд үнэ өсөх ямар ч нөхцөл байхгүй гээд барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл өгч, дэд бүтцийн асуудлыг засгийн газар хариуцаж, иргэдэд зээлд хамрагдах боломж олгож байгаа ийм нөхцөлд байрны үнээ нэмж байгаа компаниудтай ярилцаж, худалдан авагчдыг хохироохгүй байх талаар санаачлагатай ажиллахыг Барилга, хот байгуулалтын яамныханд үүрэг болголоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж