
Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв биржийн хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой залуу” хөтөлбөрийн хүрээнд “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрт ажиллах 40 гаруй залуус маргааш Дархан-Уул аймаг руу явах гэж байна. Тодруулбал, 40 гаруй залуусаас бүрдсэн гурван бригадыг ажилд нь үдэх арга хэмжээ маргааш 11.00 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд тус хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн дагуу “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрт нэг сар ажиллахаар болжээ. Залуусын цалинг нэг сарын 500 мянган төгрөг гэж тооцон, Хөдөлмөрийн яамнаас олгох юм байна. Үүн дээр нэмэгдээд ажиллуулж буй компаниас нь урамшуулал тооцох тухай албаныхан хэллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа”, “Сумын залуус”, “Цагийн ажил” гэсэн гурван төсөл хэрэгжүүлж байгаа юм. Ийнхүү “Ажлын гараа” төслөөр бүтээн байгуулалтад залуус оролцох бөгөөд цаашдаа авто зам, төмөр зам, барилга байгууламжийн ажилд оролцох, 21 аймагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураалтад ажиллах ажээ. Тодруулбал, 15 залуу нэг баг болж, нийт 28 баг хөдөө орон нутагт очиж ажиллах юм байна. Ингэхдээ их сургуулиудаас таван баг, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хоёр баг, 21 баг орон нутагт жишиг өвөлжөө барих гэнэ.
У.БОЛОР