Хөдөө дэх хүнд суртал

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Хөдөө дэх хүнд суртал

УИХ-аас өнгөрсөн оны есдүгээр сард Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталснаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн. Гэхдээ дээрх хуулийн үйлчлэх хугацаа хязгаартай, тодруулбал, энэ сарын 31-нд үйлчлэлийн хугацаа дуусгавар болох юм. Хүн ам, хөгжлийн яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдийг дээрх хугацаанд амжиж бүртгүүлэн, ажилласан жилээ нөхөн тооцуулж, мөн ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулахыг сануулж байгаа. Харамсалтай нь, орон нутагт төрийн байгууллагын төвшинд хүнд суртал ихээр гаргаж байгаагаас иргэд хуульд заасан хугацаанд амжиж бүртгүүлж чадахгүй байх магадлал гарч буй аж.
Жишээ татвал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Н гурван ч удаа ажил болж хөдөөнөөс сумандаа ирж бүртгүүлэхээр хандсан ч чадаагүй байна. Эхний хоёрт нь төрийн албаны ажилтан “Сонгуулийн ажилтай байна” гээд хүлээж аваагүй аж. Ингэхээр иргэн Н сонгууль өнгөрсний дараа дахин сумын төвдөө иртэл нөгөөх албан хаагч наадмын дээлийнхээ гоёлын өнгийг худалдаж авна гээд аймгийн төв рүүгээ явчихсан байжээ. Ажлын өдөр шүү дээ, яасан ч үнэтэй цэнэтэй дээлийн өнгө вэ дээ. Амралтын өдөр аймгийн төв рүүгээ явж авч болдоггүй юм байх даа. Одоо иргэн Н наадмын дараа дахиад дөрөв дэх удаагаа сумын төвдөө ирэхээс аргагүй болсон. Харин нөгөөх төрийн албаны хүн байх юм болов уу, амралтаа аваад алга болоод өгөх юм болов уу. Энэ тохиолдолд дээрх хуулийн үйлчлэлийн хугацаа дуусна, иргэн хохирсон нөхцөлд хариуцлагыг хэн хүлээх вэ, сайд нар аа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн хавар болсон “Эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалтын үеэр “Төрийн хүнд суртал арилж байгаа. Цаашид хүнд суртал бүр үгүй болно” гэж мэдэгдсэн. Гэтэл хөдөөд хүнд суртал хэвээрээ төрийн албан хаагчид иргэнийг энэ мэтээр чирэгдүүлж, 40 гаруй км-ийн цаанаас гурван удаа явуулаад байна. Яах вэ?

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж