Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг байнгын хорооны гишүүд хэлэлцээд хүлээж аван, улмаар санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Мөн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс санал гараагүй бөгөөд үг хэлэх гишүүн байгаагүй учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж