“Зууны шатар”-ынхны нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

“Зууны шатар”-ынхны нэг өдөр

“Сэтгэлийн илгээмж”-ээ багачуудад хайрласан“Зууны шатар”-ынхны нэг өдөр  

Хүн болох багаасаа гэдэг үгийн утгийг амьд­рал дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж олон жаа­луудын авъяасыг нээж, аж амьдралыг өөрчлөн амьдралын нэгэн тойрог хэмнэлд оруулсан газар бол “Зууны шатар” шат­рын клубынхэн юм. Тэд өнгөрсөн баасан гаригт “Сэтгэлийн илгээмж” өдөр­лөгийг зохион бай­гуулж, амжилтаараа бус­дыгаа манлайлсан хүүх­дүүдээ урамшуулж эцэг, эх, багш нартай нь хамт нэг өдрийг дуу хөөртэй, инээд наргиан, бяцхан уралдаан, нөхөрлөлийн дунд өнгөрүүллээ. Бяцхан ша­тарчдыг амьдралын нэгэн хэмнэлд багтаасан “Зуун шатар” шатрын клубыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцолж урилаа.

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрэв байдаг бол шатарчин хүүх­дүүдийн эцэг эх аль хэдийнэ тасалбарыг нь худалдаж аваад суу­чихаар харагдаж байв. Томчуудын том ер­төнцөд бяцхан жаалууд орон зайгаа эзэлж эх орныхоо нэрийг дэл­хийд дуурсгасан ша­тарчид болох галт тэрэг хөдөлчихжээ. Хатуудаа хатуу, зөөлөнд зөөлөн энэ хорвоод нялх, балч­раасаа ширээний ард то­моотой сууж шатрын хөлгийг удаан ширтэн нүүдэл ажиглана гэдэг амаргүй. Ямар сайндаа л бага ангийн багш нар цэцэрлэгийн ширээнээс ирсэн жаалуудыг сууж сургах эхний том ажлыг хийх гэж нэлээн хөгтэй явдал болдог гэдэг сэн. Дөрөв, таван настай бяц­хан жаалуудыг олон цаг эгц, шатрын өрөгний ард томоотой суулгаж сур­гах мэдээж амаргүй бай­сан биз. “Зууны шатар” клубынхэн том, жи­жиггүй хэн нь юу хийхээ мэддэг болжээ. Тэдний харж байгаа зүг одоо нэг болжээ.

“Gerelt taiyo” сургал­тын төвийн үүсгэн бай­гуулсан “Зууны шатар” клубынхэн өнөөдөр ха­луун ам бүлээрээ өсвөрийн шатарчдынхаа амжилтын буухиаг тү­гээж, шатарчин жаа­лууддаа урам хайрлаж байгаа нь цаанаа л өөр аж. Энэ клубд дөрвөн настайгаас эхлээд шатар сонирхож, эцэг, эхийнхээ гараас хөтлөн орж ирсэн бяцхан жаал олон бий. Бяцхан шатарчид үеийнхэндээ, анги хамт олон дундаа бүгд “од”, үлгэр дуурайлал, бахархал нь болжээ. Тэдний нэг нь Ц.Ашид хүү. Арван настай. Тэрээр Украйны Алушта хотноо өнгөрсөн сарын 13-22-нд болсон хүүхдийн фестивалиас блиц, рапидын төрөлд аварга, цом, алтан ме­даль, стандарт төрөлд дэд аварга, цом, мөнгөн медаль хүртсэн юм. ОХУ, Монгол, Украйн, Польш, Азербайджана, Бельарусь, Конго, Эс­тоны өсвөрийн ша­тарчдаас Ц.Ашид хүү оюун ухаанаараа илүүр­хэж чадлаа. Эцэг, эх­чүүд, хамт олон нь түү­ний амжилтыг тэм­дэглэж буй нь энэ. “Сэт­гэлийн илгээмж” өдөрлөгийг нээж тэрбээр клу­бынхээ өсвөрийн таван шатарчинтай блиц тог­лосон юм. Түүний багш гавъяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн клу­бынхээ хүүхдүүдийн шатар сонирхогч таван эцэг, эхтэй зэрэг тоглолт хийж шатрыг гэр бүлүүдэд сурталчиллаа.

Бяцхан жаалууд биедээ томдсон гэмээр уртаас урт улаан тууз зүүж түүнийгээ зай, завсаргүй медалиар гоёжээ. Тэдний зүүсэн медалиудыг хараад ирээдүйн аваргууд гэж хэлэх хүн захаас аваад гарч байсан юм. Улс, нийслэл, дүүрэг, сургууль, ангийнхаа шатрын аварга болж өнгө, өнгийн медалиар энгэрээ мялаасан бяцхан үрсээрээ эцэг, эх нь бахархан суугаа нь царайнаас нь илт.

Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх санаачлагыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр гаргаж эл шийдвэрийг хувийн хэвшлээс “Зууны шатар” клубынхэн дэм­жиж ажил хэрэг болгож байгаа нь сайшаалтай. Эцэг, эх бүр “Зууны шатар” клубын тамирч­дын аав, ээж шиг бай­гаа­сай. Эцэг, эх бүр бяцхан үрсдээ ирээдүйн замыг нь дардан, шулуун болгож эрт­нээс зөв чигийг зааж өгч, хүүхдийнхээ авъяасыг  хөгжүүлдэг бол мөн сайхан даа гэсэн бодол өдөрлөгийн үеэр эрхгүй төрлөө. Авъяас авъяасаа тэтгэдэг гэдэг шиг энэ өдөр авъяаслаг багачуудын  чуулган “Зууны шатар” шатрын клубт болсон юм. Уран нугаралтын “Дэлбээ” хамтлагийн нугараач охид Б.Банзаргчийн дэглэлт “Хунгийн чуулган” үзүүлбэрээ толилуулж най­зууддаа баяр хүргэж алга ташилтаар урамшсан юм. Өдгөө 72 насны сүү­дэр тохиож буй Бо­ловсролын тэргүүний ажил­тан Ч.Банзрагч багш амьд­ралын боломж тааруу охидыг сургаснаар өдгөө уран нугараач охидын “Дэлбээ” хамтлагтай бол­жээ. Эцэг, эхчүүд тэдний уран нугаралтыг биширч, хүүхдийн авъяасыг эрт­нээс нээж, хөгжүүлэх хэрэгтэй хэмээн өөр зуураа ярилцаж байлаа.

Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн сурагч Д.Намуун “Ботго” бүжгээрээ най­зуудынхаа амжилтыг мя­лаасан бол Өмнөговь аймгийн дунд сургуулийн сурагч Ц.Халиун уран нугаралтын гоцлол “Могой” үзүүлбэрээрээ олны нүдийг баясгаж “Сэтгэлийн илгээмж” өдөрлөгийг чимсэн юм.

Олны сэтгэлийг хам­гийн их догдлуулсан мөч бол “Оюунлаг үр сад” шатрын клубын тэргүүн Х.Валягийн мэндчилгээ бүхий шагнал байлаа. Тэрээр үеийн нөхдөө оюу­ны их спортод уриа­лан бахдам сайхан амжилт гаргасан Ц.Ашид хүүд Монголын хүүхдийн байгуллагын дээд шагнал “Авъяас” медалийг гар­дуулж “Монгол ухаа­ныг дэлхийн брэнд бол­гоорой” хэмээн ашдын сайхан ерөөл хайрласан юм. Түүний охин Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер А.Энхтуул Ц.Ашидын амжилтыг мялааж шатрын боть номоор бэлэг барилаа.

Өсвөрийн шатарчид сэтгэгдлээ хуваалцав


Ц.Тэнгис:

-Би Улаанбаатар хотын Плехановын лицей сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Таван настайгаасаа эхэлж шатраар хичээллээд одоо 27 медальтай болсон. Долоо хоногийн зургаан өдөр клуб дээр ирж хичээллэж байгаа. Манай аав эсвэл багш маань намайг шатрын клубд хүргэж өгдөг. Хичээлдээ би гайгүй сайн сурдаг.    


Б.Пүрэвжаргал:

-Би дөрвөн настайгаасаа эхлэн шатрын спорттой анх танилцсан. Манай ээж намайг шатар тоглооч гэж хэлээд энд авчирсан. Шатар тоглох ухаанд гурван жил суралцаж байна. Гол өрсөлдөгчөөсөө өргөө хамгаалж тоглох нь миний зарчим. Би дэлхийн шатрын олон улсын мастер А.Энхтуул эгч шигээ том шатарчин болохын тулд яаж ч ядарч байсан би хичээж тоглодог.


Б.Дэлгэрмаа:

-Би 10 настай. Шатрын спортод хөл тавиад дөрвөн жил болж байна. Манай ангийн найз маань “хамт шатрын дугуйланд явах уу” гэж эхлээд санал гаргасан. Тэр үеэс сургууль дээрээ Баяраа багшийн шатрын дугуйланд явж эхэлсэн. Тэр өдрөөс хойш би шатардаа үнэнч байгаа. Би шатарт амжилт гаргаад энгэрээ олон сайхан медалиар мялаах болсон. Одоо дүүргийн хошой алтан медальтай. Дамдины нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртсэн. Багануур дүүрэгт болсон Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн төлөөх тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн.

-Шатарчин хүүхэд ямар хичээлдээ илүү сайн байдаг вэ?

-Шатар хүний оюуныг хөгжүүлдэг учраас хичээл сурахад дөхөм болдог. Би одоо онц сурдаг. Анги болон сургуулийнхаа шатрын аварга.

-Хичээл, шатраас өөр спорт, урлагийн зүйл сонирхдог уу? 

-Би чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг. Гимнастик хүний бие бялдрыг өв тэгш хөгжүүлдэг. Бас хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан болдог гэх мэт олон сайхан зүйлийг бидэнд өгдөг.

Г.Алтанзул:

-Би 31 дүгээр сургуулийн 7б ангид суралдцаг. Би гуравдугаар ангиасаа эхлэн шатар тоглох болсон. Тэр үед би 24 дүгээр сургуульд сурдаг байсан. Тухайн үед А.Баярсайхан багш шатрын дугуйлан хичээллүүлж байсан. Одоо сургуулиа сольсон ч би шатраа, бас шатар заасан багшаа орхиогүй. Энэ жил Шатрын улсын аваргын тэмцээний тусгай байрын шагнал хүртсэн. Мөн Улаанбаатар хотын шатрын аваргын хошой мөнгөн медальтай. Шатар тоглодог хүүхдүүд бусад хичээлдээ үнэхээр сайн байдаг. Би зургаан жил бүх хичээлдээ А үнэлгээтэй сурсан.

-Авьяасын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Авъяас хүний дотор унтаж байдаг зүйл. Тухайн хүний уйгагүй хөдөлмөрийн ачаар авъяас сэрж, бидний дотроос илрэн гардаг. Үеийн найзууддаа, ямар ч зүйлд санаа битгий зов. Бэрхшээлийг давж байж амжилт ирдэг гэж захимаар байна. Өнөөдрийн арга хэмжээ их сайхан боллоо. Томчууд дандаа биднийг ингэж дэмждэг болоосой.

П.Жигжидсүрэн: Оюуны хөрөнгө оруулсан клубын захиралд баярлалаа

Гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-Танай клуб мэргэжлийн хүний нүдээр ямар харагддаг вэ?

-Болдог бол амжилт гаргасан хүүхдүүдийг өнөөдрийн арга хэмжээ шиг хөөрхөн ажил зохион байгуулж урамшуулж байвал сайн сан. Хүүхдүүдийн урмыг улам их сэргээсэн арга хэмжээг манай “Зууны шатар” клубынхэн маань зохион байгууллаа. Үлгэрийн сайн баатрыг хүүдхүүд үлгэрлэн дуурайдаг шүү дээ. Энэ өдөр бид хүүдүүддээ оюун санааны том бэлэг өгч байна. Ц.Ашидаас гадна шатар сурах хүсэлтэй хүүхдүүдэд урам өгсөн арга хэмжээг “Зууны шатар” клубын эзэд сайхан зохион байгууллаа. Эцэг, эхчүүд ч гэсэн нэгийг бодсон биз. “Зууны шатар” клубыг байгуулж өгсөн Ц.Ашидын аав, ээж хоёр монголын шатрын түүхэнд эргэлт гаргаж, оюуны спортод томоохон хөрөнгө оруулалт хийсэнд мэргэжлийн шатарчин, дасгалжуулагчийн хувьд ихээхэн баярлаж явдаг. Бид мэргэжлийн, тусгай клубд хичээллэдэг тул тэр хэрээр цаашид улам их амжилт гаргахаар хичээн ажиллах болно.

-“Зууны шатар” клуб бусад тамирчин, дасгалжуулагч нарын сэтгэлд хэр нийцсэн бэ?

-Улаанбаатар хотод ажилладаг клубүүдээс  манайх шиг мэргэжлийн, стандартад нийцсэн, эрүүл ахуй хийгээд, ариун цэврийн бүхий л шаардлага хангасан газар байхгүй гэж би бардам хэлнэ. Шатар тоглогч, сонирхогч, дасгалжуулагч хэн ч гэсэн манай клубд ирээд үнэхээр сэтгэлийн таашаал аваад гардаг. Манай клуб орж ирсэн хүн бүрт инээд бэлэглэж, эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Хүмүүс манайхыг ирж үзээд “Оюуны спортыг ийм тухтай орчинд хөгжүүлэх ёстой юм” гэж хэлээд гардаг. Олны оюун санаанд таашаалтай зүйл хийж үлдээнэ гэдэг үнэхээр үгээр хэлшгүй сайхан мэдрэмж юм. Ялангуяа шатар сонирхогч, тамирчид маань манай клубд ирээд сэтгэлийн таашал эдлээд гардаг. Оюуны энэ их хөрөнгө оруулалтыг хийх цаг нь болсныг манай клубын жишээн дээрээс харж болно. Орцны хонгил, стандарт бус газар байгуулсан шатрын клубд ороход хэцүү шүү. Үнэр, орчноос нь эхлээд таагүй болдог. Шатар сонирхдоггүй хүн манай клубд ирээд дараа дахин ирэхээр болоод өндөр сэтгэгдэлтэй гардгийг бид эцэг, эхчүүдээс харж байлаа. Хүүхдүүдийн маань тоглолт, багш нарын сургах арга, суралцах орчныг нь хараад эцэг, эхчүүдийн сэтгэл их өөдрөг болдог. Их театрт очоод хүн сэтгэлээрээ баясаад гардаг шиг манай клубд ирсэн хүн тийм мэдрэмжтэй буцдаг.  

А.Баярсайхан: Энэ жил 380 хүүхдэд шатар заасан

Тус клубын багш, Монголын шатрын спортын дэд мастер А.Баярсайхантай авъяаслаг жаалуудын талаар ярилцлаа.

-Та анх шавь нартаа шатар зааж эхэлсэн үеэ дурсахгүй юу?

-Манай клуб анх 1998 онд 24 дүгээр дунд сургууль дээр байгуулагдсан. 2008 оноос “Зууны шатар” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний зорилго бол шатрыг хүүхдүүдийн хичээлийн сургалтад оруулах, олон нийтийг оюуны спортод хамруулах явдал байсан. Ингэснээр Монгол орны хойч, ирээдүй болсон хүүхдүүд маань PC тоглож донтох зэргээр цөг заваа дэмий зүйлд үрэхгүй. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, багаасаа оюунаа системтэй хөгжүүлэх, хоорондоо нөхөрлөх зэргээр давуу тал олон бий.

24 дүгээр сургууль дээр би өнгөрсөн өвөл таван ангийн 380 орчим хүүхдэд шатар заасан. Харин шатрын спортыг манай клуб дээр сонгодог хэлбэрээр гүнзгийрүүлэн сурч байгаа 28 хүүхэд бий. Тэд маань улс, нийслэл, дүүрэг, сургуулийнхаа тэмцээн, уралдаанд байнга л оролцож байдаг, үргэлж бэлтгэл, сургуулилттай байдаг. 

-Энэ жил танай клубын хувьд амжилт арвин байх шиг?

-Манай клубээс улсын аварга төрж, мөнгөн медаль хүртсэн хүүхэд бий. Улсын хошой аварга манайхаас төрсөн. Улсын аваргын хошой алтан медальт өсвөрийн шатарчин Ц.Сайханчимэг энэ жил мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь гурван удаа алтан медалийн эзэн болсон. Одоо 11 настай, спортын дэд мастер цолонд хүрсэн бяцхан шатарчин байна, манайд. Тэдний халааг Б.Алтанзул, Ц.Ашид, Ц.Тэргэл, Б.Дэлгэрмаа, Б.Хүслэн, Ч.Шинэ-Од нар авч амжилттай үргэлжүүлж буйд багшийн хувьд би ихээхэн урамшиж, баярлаж сууна.

-Шатрын тэмцээн, уралдаан, бэлтгэл гээд хүүхдүүд хичээлээ цалгардуулах тохиолдол гардаг уу?

-Хүүхдүүд маань хичээл, сургуульдаа явдгаараа явна. Харин үлдсэн чөлөөт цагаараа сонирхдог спортоороо хичээллэдэг. Тэр тал дээр санаа зовох юм байхгүй. Хамгийн гол дэмжлэг нь эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарч дуртай дугуйлан, клубт нь хүргэж өгч байгаа. Энэ нь сайхан цаг ирсний тэмдэг биз. Өнөөгийн эцэг, эх хүүхдүүддээ хэрэгтэй, нийгэм, хамт олонд тустай зүйлийг сургадаг болсон нь сайн хэрэг. БШУ-ы сайд өнгөрсөн хавар манай сургууль дээр ирж улсын хэмжээнд “Авъяас”хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо мэдэгдэж, дан ганц шатар биш, хүүхдүүд юу сонирхож хичээллэж байна, түүгээр нь тордохыг бидэнд захисан. Бид шатрыг сонгосон хэдий ч манай хүүхдүүд давхар дуртай зүйлээрээ хичээллэх боломж нээлттэй бий.

-Танай клубын хүүхдүүд шатрын зэрэгцээ дуу хөгжим, уран нугаралт, бүжиг, хөгжим зэргээр хичээллэж болно гэсэн үг үү?

-Тухайн хүүхдийн сонирхол, авъяас л бүхнийг шийднэ. Бид заавал ганцхан шатраа тогло гэж хүчлэхгүй. Шатар хүүхдүүдэд гэгээн ухаан хайрладаг. Ард нь ямар нэг муу үр дүн үлддэггүй учраас эцэг, эхчүүд хүүхдийнхээ оюун ухааныг багаас нь хөгжүүлэх гэж зорьдог байх. Манай Ц.Ашид гэхэд хөөрхөн дуулчихдаг, төгөлдөр хуураар дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглодог. Манай тамирчид дотор гимнастикаар хичээллээд улсын цол хүртсэн авъяаслаг охин бий. Манай клубынхэн хойч үеээ чадлынхаа хэрээр бэлдэж байна даа.

Миний хүү найман тэмцээнд ороод бүгдэд нь түрүүлсэн

Өсвөрийн шатарчин Ц.Тэнгис клубынхээ сүрхий жаалуудын нэг. Түүний аав Т.Цогт-Очир хүүгийнхээ талаар ийн ярьж байна.

-Би Тэнгис хүүгээ таван нас хүрэхээр нь өөрийн мэддэг шатраа зааж өгсөн. Зургаан настайдаа манай хүү “Цодгор хүү” тэмцээнд орж алтан медаль хүртсэн. Би түүнд нь урамшаад хүүхдээ Алтанбаяр багшийн шатрын клубт явуулсан. Дараа нь Бадрал багшийн шатрын дугуйланд нэг жил хичээллэсэн. Одоо “Зууны шатар клубын тамирчин болсон.

-Энэ шатрын клубт танайх сард хэдэн төгрөгийн төлбөр төлж хүүхдээ сургадаг вэ?

-Клубууд хүүхэд сургасныхаа төлөө зохих хэмжээний төлбөр авдаг. Манай хүү “Зууны шатар” клубд ороод “Цодгор хүү” тэмцээний Улаанбаатар хотын аварга болсон учраас биднийг сургалтын төлбөрөөс чөлөөлсөн. Аав, хүү хоёр клубынхэндээ урамшаад хоёр жил хичээллээд Улсын шатрын хошой аварга, Улаанбаатар хотын шатрын хошой аварга, түргэвчилсэн тоглолтод 12 насны аварга, “Ханхүү” тэмцээнд сая 13 насны төрөлд аварга болсон. Энэ он гараад шатрын найман тэмцээнд оролцож бүгдэд нь түрүүлж таван алтан медаль авч, тэргүүн байрыг гурвантаа хүртсэн. Хүүгээ би өнгөрсөн жил Славянд болсон Сурагчдын Дэлхийн аваргын тэмцээнд багш, дасгалжуулагчгүй явуулсан. Манай хүү 17 дугаар байрт орсон. Өмнө нь есөн настай байхад нь Сурагчдын Дэлхийн аваргын тэмцээнд мөн ганцааранг нь явуулж, 13 дугаар байр эзлэж байсан.

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд нэлээн анхаардаг болж. Та хоёрын хувьд цаашдын зорилго юу байна вэ?

-Бэлтгэлээ сайн базааж байгаад хүүгээ сурагчдын Дэлхийн аваргын тэмцээнд  явуулах санаа байна.

Амжилт гаргахад “Зууны шатар” клубын байр их нөлөөтэй. Тухтай, тохилог учраас хүүхэд тоглолтоо сайн хийдэг. Энд хүүхдүүд хичээллэхэд үнэхээр таатай газар. Багш нар нь ч гэсэн Монголдоо нэртэй, чадал, туршлагатай учраас хүү бид хоёрт үнэхээр амар, дэмтэй байна.

…“Зууны шатар” клубынхэн нэгэн том гэр бүл болж зах зээлд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ баттай эзэлжээ. Хүүхэд, эцэг эх, гэр бүл, клубын багш нар амьдралын ижил хэмнэлд орж, эргэх дөрвөн цаг, ирээдүйд цөм нэг зорилго, нэг чигтэй болжээ. Хүүхдийн төлөө за гэж хэлж байгаа “Зууны шатар” клубын зүгээс бяцхан шатарчид, авъяаслаг жаалууддаа тусгайлан бэлдсэн гарын бэлэг гардуулсан юм. Хүүхдийг ямагт урмаар тэжээж хааяа нэг бурам өгдөгийн үлгэр энэ аж. Хамт олон, өсвөрийн шатарчдын эцэг эхчүүд “Сэтгэлийн илгээмж” өдөрлөгөөс урамтай гэгч нь харьж одлоо.

Д.МЯГМАР

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж