Үймээн самууны эзэн явдаг
Цаг цагийн яруу найрагчид
Цахилдагны толгой шиг нулмистай явдаг хэмээх энэхүү мөрийг эргэн саналаа. Учир нь Улаанбаатар хотоос Сайншанд хотыг зорин хөдлөх галт тэргэнд 20 гаруй яруу найрагчид ар араасаа цувран хөдөлсөн сурагтай. Хамгийн эхний вагонд гурван “хүү” тэргүүтэн суусан гэнэ. Гурван хүү нь М.Амархүү, Г.Ишхүү, Б.Батхүү. Ийнхүү гурван хүүгээр ахлуулсан галт тэргэнд Б.Баттулга, Л.Торой, Э.Гантулга нар явжээ. Гурван хүү ч гутлаа тайлж тухалж аваад ганзагынхаа “юм”-ыг гаргаж аян замын ерөөл өргөн зуу татаж, аялах зорчигчтой танилцаж сайхан бүсгүйд зориулж шүлэг хайлж, сайн эрд зориулж хундага тулгаж явсан нь тодорхой. Архангай нутгийн М.Амархүү зурна гэж сийлнэ, зохионо гэж мөнхөлнө, аашаа хөдөлвөл адарна, архи таарвал ууна. Харин цаст Отгонтэнгэрийн хоёр хүү болох Б.Батхүү, Г.Ишхүү нар уул шигээ нуруутай, уухаараа сарлагын бух шиг догшин, уншихаараа сарьдагын бүргэд шигээ омголон, дуулвал дуу нэг “Завхан гол”-той, дугтарвал хүч нэг хөх эрчүүд. Хаанаас нь ч харсан хаан төрхтэй, халахаараа нутгаа ярьдаг өвчтэй. Гурван хүүгийн бөөрөнд “шар” Б.Баттулга уянгалахаараа зогсохоо мэдэхгүй, уухаараа татахаа мэдэхгүй, уйлахаараа болихоо мэдэхгүй араншинтай. Харин Л.Торой гэж томоотой, тоглох нь хүртэл чимээгүй, хүүхнүүд тоохгүй бол гунигтай, хөгжим шиг аятай шүлэг нь хүний зүрхэнд шууд л эгшиглэдэг гэнэ. Ийм л хүмүүс энхний вагоноор зорьсон бол араас нь Л.Ганзул гэж гангар шаазан шиг эмзэг, гартаа зүүсэн бөгж нь эмэгтэйлэг, уралдах шүлэг нь гайхамшиг. Энэхүү бие жижиг ч том ухаантай Л.Ганзултай хамт Дарханы гэх тодотголтой М.Уянсүх, Л.Мөнхбаатар, Бямбажав, Б.Хүрэлтогоо В.Нэргүй нар хамт явжээ. М.Уянсүхийн сэтгэл уул шиг, угтаа Ховд шиг, бичсэн шүлэг нь морь шиг барианы зурхайд гүйцэгддэггүй ажнай шиг ажээ. Харин Л.Мөнхбаатарын царай нь Алтайрхуу шүлэг нь Дарханархуу хийц нь хүүхнэрхүү ийм л яруу найрагчид “Үлэмжийн чанар”-ыг чимэхээр, уралдахаар мордлоо.
Хээр хоносон ч болно: Сүүлийн вагонд суусан яруу найрагчид Чойрын өртөөн дээр Баттулга багштай саатаж дурсгалын зураг татуулан, дуу хуур болж шүлэг найргийн эхлэл, шөнийн талыг сэрээж хэсэг саатаад аян замаа үргэлжлүүллээ. Говьсүмбэрийн гэх тодотголтой яруу найрагч Баттулга багш аян замын хүнс бидэнд өгч сэтгэлийнхээ гүнээс сүүн цацал өргөн үлдсэн нь яруу найрагт, яруу найрагчид хайртайн нэгэн жишээ юм. Уран бүтээлч хүний сэтгэл уугаасаа л гэгээтэй байдаг даа. Ийнхүү цаг хугацаа өөд тэмүүлэх галт тэрэг Шандын өртөөнд зогслоо. Б.Батхүү бүгчим, халууныг нь гайхаж, “Мэнгэ төөрсөн амраг”-ын Ж.Заяабаатартай биднийг тослоо. Гурван хүүгийн арми Ж.Заяабаатарынд хоноглож байгаа гэнэ. Нөгөө хэсэг нь Энхбаярыг дагаад явсан сурагтай. Харин Л.Ганзулын арми Лхагвадоржийг дагаж гэрт нь хонохоор боллоо. Их Равжаагийн нутаг яруу найрагчдыг эхний өдөр хээр хоносон ч болох зөвшөөрөл олгож байгаа бололтой. Ингээд таньдаг нь таньдагаа бараадаж, таньдаггүй нь шүлэг сэтгэлээ дагаж айлд хоноцгоолоо. Залуу хүн гэхэд Лхагвадорж аль эртний хүн шиг хоол унд зэхэж бас ч үгүй хоолны даруулга хүртэл авсан байлаа. Шөнийн турш шүлэг уншиж, утга зохиол, урлагын тухай яриа дэлгэсээр Дорноговийн шөнийг өнгөрөөв.
Наадам болдогоороо боллоо: Мандахын шаргал нарнаар яруу найрагчид “Саран хөхөө” театрыг тал талаасаа зорин ирэв. Театрын дарга Эрдэнэбат хүмүүсийг хүлээж аван “Люкс” нэртэй буудалд байрлуулж, өдрийн гурван хоолонд оруулахыг үүрэгдэв. Харин тус аймгийн утга зохиолын нэгдлийн “Хурмаст төв”-ийн тэргүүн Энхбаяр гэгч нөхрийн сураг сонсогдох хэдий ч өөрөө үзэгдэхгүй байгааг бодвол их л нууц ноёнтон бололтой. Яруу найрагчид Догшин ноён хутагтын музейгээр аялж өдрийг өнгөрөөгөөд хоолонд орж, хэсэг амарсаны дараа хүлээсэн цаг ч болж “Үлэмжийн чанар” эхэллээ. Шүүгчидээр нь алдарт Цэрэндорж багш, МУБИС-ийн багш яруу найрагч Ж.Батбаатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Заяабаатар нар тохоон томилогджээ. Эхний даваад Догшин ноён хутагтад зориулсан шүлэг унших даалгавартай 30 яруу найрагч оролцов. Хоёрын даваанд 16 яруу найрагч тунан үлдэж шүлгээ уншлаа. Тэр дундаас чихэнд сонсголонтой олон бүтээл байсны дотор Б.Баттулга, Л.Ганзул нарын бүтээл арай л илүү санагдсаныг нуух юун. Мөн М.Уянсүхийн шүлгүүд бусад яруу найрагчдаасаа хэдэн хувь илүү сайн шүлгүүд байлаа. Ингээд наадам өндөрлөхөд тэргүүн байранд яруу найрагч Е.Чулуун оржээ. Энэхүү наадамд оролцогчдын ахмад уран бүтээлчдийн нэг. Түрүүлэхээс ч аргагүй шүлэгтэй хүн. Олон жил номын нуруу илээж, шүлгийн дэвтэр дүүргэсэн энэ сайхан буурлыг түрүүлэхэд хүн бүхэн баярлаж байлаа. Дараа нь Г.Ишхүү, М.Уянсүх, Л.Мөнхбаатар, Д.Эрдэнэзулай нар шалгарч энэ яруу найргийн наадам сайхан болж өндөрлөсөн юм. Догшин ноён хутагтын нутагт дуу хуур, шүлэг найрагтайгаа бууж, нэгэн үдшийг өнгөрөөсөн найрагчид Хамрын хийд, алдарт Хүслийн уулыг зорин хөдөллөө. Дорнын говийн тэнгэрт нарны сүүлчийн туяа гэрэлтэж, их хутагтын сунтаг оршсон нутагт бүрэнхий болж байлаа. Хутагтын нутгаас шүлгийн мөр түүж яваа яруу найргийн “эрэлчид”-ийн сэтгэлд ямархан шлгийн санаа эргэлдэж буйг хэн мэднэ.