
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд учирсан байгалийн гамшигийн хор хохиролыг арилгах, хохиролын хэмээг тогтоох ажил өнөөдөр ерөнхийдөө дууссан байна. Түшиг сумын төвийг дайран өнгөрч, зурвас газраар орсон тахианы өндөгний чинээ мөндөрний улмаас тус сумын хэмжээнд нийтдээ 400 гаруй цонх хагарч, 104 мал, амьтан хорогдож, 24 хүн зөөлөн эдийн гэмтэл авчээ. Мөн албан байгууллага, айлуудын бүргэд хаалга, төмөр дээврийг зориудаар хонхойлгож, цоолсон юм шиг байдалтай болгосон байжээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн онцгой байдлын газрын хамтарсан комисс сэргээн босгох ажлыг яаралтай хийж өнөөдрийн байдлаар Түшиг сумын Засаг даргын тамгын газар, Хүн эмнэлэгийн байрны цонхыг бүрэн шиллэж дуусчээ. Энэхүү гамшигийн улмаас сум орчмын модны шилмүүс гараар хуулсан юм шиг болж, моднууд нүцгэрсэн гэдгийг албаны хүн хэлж байлаа. Түшиг суманд учирсан байгалийн гамшгийн улмаас урьдчилсан байдлаар 3 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан бөгөөд аймгийн удирдлагууд 2,1 тэрбум орчим төгрөгийг нь гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг Улсын онцгой байдлын комисст тавьсан ажээ.
Т.ДАРХАН